Showing posts with label Шаргалжуут. Show all posts
Showing posts with label Шаргалжуут. Show all posts

Wednesday, September 26, 2012

“Халуунболор” төвийн тэргүүн А.Одончимэг: “Шаргалжуут” –ыг анх Төрийн өмчийн хороо 650сая төгрөгөөр хувьчлахаар дуудсан ч 190сая төгрөгөөр зарсан байдаг

Баянхонгор аймгийн “Шаргалжуут” рашаан сувиллын дэргэдэх “Халуунболор” төвийн тэргүүн А.Одончимэгтэй тус газарт өрнөж байгаа асуудлаар  ярилцлаа. “Халуунболор” төв нь тархины саажилттай хүүхдүүдийг сувилдаг сувилал юм.

“Халуунболор” төвийг нээгээд хэдэн жил болж байгаа вэ?
Би Баянхонгорын уугуул иргэн биш. Улаанбаатарт төрсөн, Дарханд өссөн геологич мэргэжилтэй хүн. 1984 онд миний анхны хүүхдийг эх баригч хиллэх гэж явж байгаад санамсаргүй шалан дээр унагаж алдсанаар  тахир дутуу болсон. Хүүхдээ эмчлүүлэх гэж хаа сайгүй явсан. Тахир дутуу хүүхэдтэй хүний зовлонг сайн мэдэх хүний хувьд хожим нь “Шаргалжуут”-ын бэр болж очоод, маш олон хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу хүүхэд ирдгийг анзаарч туслахаар шийдсэн юм. Одоо Монгол Улсын хэмжээнд жилдээ 55-60 мянган эх төрж байна.
1000 төрөлт тутмын 1-2 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг юм. Яг одоогийн байдлаар улсын хэмжээнд 6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Түүний едөө 1200 нь манай “Халуунболор” төвийг зорьж ирж эмчлүүлдэг юм. Анх УИХ-ын гишүүн С.Оюун, гишүүн асан Одончимэд нартай хамтарч, хоёр гэр, нэг жижиг байшинд төвөө нээж байлаа. Тэд хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ачтай юм билээ. Тэгээд надад тусалж, энэ төвийг нээсэн юм. Сүүлдээ үйл ажиллагаагаа өргөсгөөд 5-6 гэртэй болсон байгаа. Нэг ээлжинд 25, жилдээ 800-1200 орчим хүүхэд хүлээж авах чадалтай болсон. 1996-2008 он хүртэл манай төв үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн.

Тэгээд 2008 оноос эхэлж доголдсон юм уу?

2008 онд Шаргалжуут тосгоны ард иргэд намайг тосгоны Засаг даргаар сонгосон юм . Энэ үеэр “Шаргалжуут” рашаан сувилал хувьчлагдсаны улмаас тэнд үйл ажиллагаа явуулж байсан олон хувийн хэвшлийнхэн доголдож эхэлсэн. Яагаад гэвэл зөвхөн “Шаргалжуут” амралтын газар ирж байгаа амрагчдыг л рашаан усанд оруулахаас биш бусад дагалдах үйл ажиллагаа явуулж байгаа жижиг аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулах хувьчилж авсан эрхийг хааж, боогдуулж эхэлсэн. Манай төвийн үйл ажиллагаа ч бага зэрэг доголдож байгаа.

Monday, September 17, 2012

Д.БҮРНЭЭ: Шаргалжуут эрүүл мэндийн төлөө газар болохоос мөнгөний төлөө байгууллага биш

Д.Бүрнээ эмч гэхээр Шаргалжуутын халуун рашааныг зорьсон хэн бүхэн андахгүй. Тэрбээр сүүлийн 20 гаруй жилийнхээ ажил амьдралыг энэ рашаантай холбож, олон мянган хүнийг анагаасан алтан гартай эмч. 2000 онд Шаргалжуутын халуун рашааны ордыг түшиглэн уламжлалт анагаах ухааны  “Ганууд” хувийн эмнэлгийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл удирдаж байна. Д.Бүрнээ эмч их ажлынхаа хажуугаар  “Шаргалжуут” эрдэм шинжилгээний  бүтээлийг туурвисан судлаач хүн.  Түүнтэй Шаргалжуутад үүсээд  байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.  
Шаргалжуутын  эмч нар холоос ирсэн хүмүүсийг рашаан таарахгүй нэрийдлээр буцааж байхаар мэдэхгүй, чадахгүй байгаагаа хэлэх зоригтой, ёс зүйтэй байх хэрэгтэй

Шаргалжуутын рашааныг  дэлхийд хосгүй гэж  ярьдаг. Ямар учраас ийн үнэлэгдэх болов?
Би дэлхийн улсуудын адил төстэй рашаануудыг очиж үзсэн, энэ чиглэлээр мэргэшсэн эмч хүн. Шаргалжуут шиг  мөгөөрсөн хоолойн багтраа, уушиг, харшил, иод дутал, үе гишүүн, зүрх судас, элэг цөс,  нарийн бүдүүн гэдэс, оюун ухааны гээд бүх төрлийн өвчинд зориулагдсан ийм олон төрлийн рашаан өөр хаана  ч байхгүй. Ямар ч өвчнийг анагаах увидастай. Эмийн бус эмчилгээ, Монголын уламжлалт эмчилгээний аргуудтай маш сайн тохирдгоороо Шаргалжуут хосгүй рашаан.

Шаргалжуут хувьчлагдсанаас хойш рашаан усыг тойрсон олон сөрөг асуудал гарч, ширгэх дээрээ тулаад байгаа талаар энд таарсан хүн бүр л ярьж байна. Энэ талаар эндэхийг арван хуруу шигээ мэдэхийн хувьд тань хувиар танаас тодруулъя гэж зорьж ирлээ?

Хүмүүсийн хэлж ярьж байгаа оргүй зүйл биш. Шаргалжуут рашаан сувиллыг хувьчлагдсанаас хойш бид байдлын ажиглаж 5, 6 жил боллоо. Энэ компани тодорхой зорилгоор л хувьчилж авсан байж таарна. Хүний эрүүл мэндийн төлөө, илүү хөгжүүлэх зорилгоор авсан байх гэж итгээд бид маш хүлээцтэй хандсан. Шаргалжуут илүү хөгжиж, үүнийг дагаж иргэдийн амьдрал ахуй дээшлэх болов уу  гэж итгэсэн.  Гэтэл байдал яг эсрэгээрээ болж, ноднин уржнангаас эхлээд дуугарахгүй бол болохоо байсан. Яагаад вэ гэвэл,  энд ажиллаж амьдарч байгаа иргэдийг тогтвор суурьшилтай ажиллуулдаггүй. Өөрсдийнх нь эсрэг үг хэлдэг, үзэл бодол нийлдэггүй хүмүүстэй хамтарч ажилладаггүй. Он удаан жил ажилласан, танил тал ихтэй учраас энэ рашаанд хүн оруулж байна гэх гэх мэт элдвийн шалтгаанаар халах нь газар авсан. Ялангуяа  энэ жил манай иргэдийн ихэнх нь ажилгүй болсон.

Tuesday, August 28, 2012

Дэлхийд хосгүй Шаргалжуут шуналын золиос болж байна


Эрэгт нь тоостой гутлаар ойртомгүй Шаргалжуут
Эхэнд нь тостой шөл дусаамгүй Шаргалжуут
Ардын уран зохиолч Т.Галсан

Ус нутгаа зорьж, Хонгор сайхан нутгийнхаа нэрийн хуудас болсон Шаргалжуутдаа амраад ирлээ. Дэлхийд хосгүй рашааныг минь зүг зүгийн, тив тивийн түмэн олон зорин ирж, мөнөөх л янзаараа бум бужигнаж байна.
            Тэсгим өвлийн хүйтэнд уур манан савсаж, 108 төрлийн халуун рашаан хад асганаас бургилан буцалж, амралтын байрнуудаа хормой түлш гарздахгүй, рашаанаар халааж байхыг хараад алмайран гайхаж байсан үе саяхан мэт боловч аль хэдийн 10 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш их зүйл өөрчлөгдөж, Шаргалжуут хувьчлагдаж, урьдын танил эмч, ажилтнуудын ихэнх нь бараа сураггүй болж, рашаан ус ч татарчээ. Эндэхийн гол рашаануудын нэг болох Лхамын рашаан энэ жил амь төдийхөн дусалж, “Хоёр гурван жилийн нас буй эсэх нь ч эргэлзээтэй хэмээн нутгийн малчны хоолой чичрэн харуусахтай таарав. Чухам юунаас болж ийм байдалд хүрсэн шалтгааныг нутаг ус, зон олноо хайрлах сэтгэлээр, нөгөө талаар хүмүүсийн эрүүл мэндийг бодож зах зухаас нь тодруулав. 

Рашааны тархийг өрөмджээ
Шаргалжуутын рашааныг эртнээс нааш Дорлиг хайрхан аавтай, Лхам хайрхан ээжтэй, есөн тахилга, долоон амтай, ариун дагшин газар хэмээн тахиж шүтсээр иржээ. Ламын гэгээний цогчим гэсгүй рашааны орчимд жилд 2-3 удаа шалгалт хийж, зохих дэгийн дагуу рашаан усны ариун чанарыг сахиулдаг байсан түүхэн баримт бий. Энэ уламжлал саяхныг хүртэл хадгалагдаж, нутгийн зон олон рашаан усаа нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж иржээ. Гэтэл сүүлийн жилүүдэд Шаргалжуутын унаган төрх хөндөгдөж, дэлхийд ижилгүй амин ус ширгэх дээрээ тулаад байна. Өнгөрөгч жилийн есдүгээр сард рашаан сувиллын улирал дуусахтай зэрэгцэн Лхамын рашааны орчим, 90 орт/амралтын байр/-ын хойно цэвэр ус гаргах зорилгоор хоёр газар өрөмджээ. Уг барилгын суурийг анх тавихад халуун рашаан гарч байсныг нутгийн зон хичнээн сануулаад ч тусыг эс олж рашаан усанд нь эзэн суусан эрхтэн дархтнуудыг хазаарлаж чадсангүй. Эцэст нь их санасан газар есөн шөнө хоосон гэгчийн үлгэр “амилж”, цэвэр ус огт гараагүйгээр үл барам Лхамын рашааны “гол судсыг” тасалчихав. Өвлийн хүйтэнд хажуугийн зам руу халин урсаж, мөсөн овоо болон хэр баргийн машинтныг гаргадаггүй асан Лхам ижийн ундарга бүрмөсөн татарчээ. Нутгийн иргэд өрөмдсөн нэг нүхнээс сүү, нөгөө нүхнээс рашаан гарсан гэлцэж, Лхам ижийн нүдийг сохлоод, хөхийг хагалчихлаа хэмээн халаглана. Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилсан урин хаврын цагт Лхамын рашаан эргэн ирж, уйлагнах мэт дусагнаж буй нь энэ. Гурван зуу гаруй ундарга, булагтай рашааны дээд хэсэгт зурагтын антен зоосон нь ихэнх рашааны ундаргад нөлөөлсөн гэж нутгийнхан ярьж байна. Улсын тусгай хамгаалалттай бүсэд дур мэдэн өрөмдөж, хүссэнээрээ аашилж буй “Шаргалжуут” ХХК-ийн далд эзэнд юу ч үл нөлөөлөх “дархан цаазтай амьтан” гэнэ.
 
Рашааны пайзыг дур мэдэн өөрчилжээ 

Шаргалжуутын халуун рашааныг өтөлснийг залуужуулж, өвдсөнийг илааршуулж, үхсэнийг амилуулдаг хосгүй амин ус хэмээн дээдэлж, сүсэглэн энгийн ардаас эхлээд ихэс дээдэс хүртэл эмнүүлдэг байсан баримт олон. Таван ухааны эцэг хэмээгддэг Ламын гэгээний анхдугаар дүр 108 рашааныг анх нээн язгуур махбодийг тодорхойлж, рашаан тус бүрийн анагаах онцлогийг боловсруулжээ. Хожим 1957 онд Орос Монголын хамтарсан эрдэмтдийн баг рашаан бүрээс дээж авч лабораторид шинжлэхэд гэгээнтнийхтэй яв цав нийцжээ. Тухайн үед баталгаажуулан шинэчлэн тавьсан рашааны пайзыг хэн ч өөрчлөх эрхгүй байтал Хүрэн цорготын рашааны пайзыг өөрчлөн тэс өөр рашаан дээр тавьсан тохиолдол гарсан байх юм. Энэ мэт эмчилгээний горим зөрчсөн ноцтой тохиолдлууд сүүлийн жилүүдэд байнга гарах болж. “Тэр Сүрэн гэж эмч баахан томроод л байсан. Гэтэл үе мөч шавшдаг 66 дугаартай рашааныг уухаар бичээд өгчихсөн байгаа юм даа” гэж нэг залуу үглэж байхад “Зүй нь бол анх хүлээж авахаасаа эхлээд сувиллынхаа онцлогийг танилцуулж, хаана ямар рашаан байдгийг зааж өгдөг дотоод журамтай баймаар. Хаа сайгүй төөрч будилсан амрагчид. Хөл толгой нь мэдэгдэхгүй юм аа” гэж өөр нэг сувилуулагч халаглана.  Рашаан сувиллаар, тэр дундаа Шаргалжуутаар мэргэшээгүй янз бүрийн эмч нар жил бүр солигдон ирж, эндэхийн эмчилгээний горим хяналтаас гарч буйг олон хүн анзаарч, дор бүрнээ гомдол тоочно. Анх Улаанбаатарт хүлээж авахаас эхлээд л иргэдийг чирэгдүүлдэг, эх захаа алдсан эрэмбэгүй үйлчилгээ олны аргыг бардаг ч бүх төрлийн өвчнийг анагаадаг, өөр хаана ч үгүй, өрсөлдөгчгүй рашаан учраас иргэд хэлсэн мөнгийг нь төлөөд, хүссэн хүсээгүй ирж байна.  

Амралтын бохир Шаргалжуут голруу ордог
Амрагчид буцахтай зэрэгцэн жил бүр босч ирдэг нэгэн хачирхалтай сэдэв нь амралтын бохир. Төв байрнуудын бохир халин, машин зам даган урсаж, Шаргалжуутын гол руу ордог гэнэ. Амралттай залгаа, гол дагуу нутагладаг айлын ойр орчим хүн амьсгалах аргагүй болж, жижиг гүүр тэр чигтээ бохирт будагдан голоор гарахын эцэсгүй болдог аж. Бохирлогдсон усаар Шаргалжуутын голын ай саваар нутаглаж буй хүн мал ундлаад зогсохгүй голоор дамжин Түйн гол, Орог нуурт ч хүрнэ. Энэ хүндрэл Шаргалжуут хувьчлагдсаны дараах өвлөөс эхэлжээ. Төрийн өмчит хувьцаат компани байхад цэвэрлэх төхөөрөмж өвөл зунгүй ажилладаг, манадаг айлтай, хариуцсан эзэнтэй байжээ. Харин өдгөө хэдэн слесариас өөр хэн ч тоодоггүй. Нөгөө хэд нь ч ажлынхаа ачааллыг дийлдэггүй гэнэ. Энэ мөрөөр 2009 онд УМХГ-ын шалгалт ирж нэг хэсэгтээ анхаарлын төвд орж, овоо цэгцэрч байснаа удалгүй бахь байдагтаа оржээ.                                       
                     Шаргалжуут тосгоныхон амьдрах аргагүй болов 
Рашаанаа түшиглэн ажил амьдралаа залгуулсаар ирсэн Шаргалжуут тосгоныхон сүүлийн жилүүдэд нутгаасаа дүрвэх нь ихэсчээ. Шаргалжуут хувьчлагдсанаас хойш өмнө нь ажиллаж байсан ихэнх ажилтныг халж, одоо байгааг нь төрөл бүрээр хавчин, ажлын ачаалал, сэтгэл санаагаар дарамталж байна. Ганцхан жишээ татахад уг сувилад сахиулаар ажиллаж байсан С.Бат-Очирыг ажил амьдралаар нь хохироожээ. Түүний цалинг  хөдөлмөрийн хууль зөрчин сарын  80.000 төгрөгөөр тогтоож, элдэв бусын шимтгэл нэрээр хассаар 45.000 төгрөг өгдөг байв. Сүүлдээ дарамт нь бүр ихэсч ажлынх хажуугаар бүтэн 6 сар 700 хонь маллуулчихаад үндсэн цалинг нь ч өгсөнгүй. Нэхэл дагал болсны эцэст гурван сарын цалин гэж 60,000 төгрөг сарвайжээ. С.Бат-Очир аргаа баран, ажлаасаа гарч, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар хөөцөлдтөл сүүлийн 4 сарын шимтгэлийг байгууллагаас нь төлөөгүйгээс тэтгэмж олдсонгүй. Түүний гэргий мөн компанид үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол зарагдаж,  хоёр гурван хүний ажлыг ганцаараа амжуулдаг ч олигтой цалин авахгүй. Ажил нь улирлын шинжтэй болохоор эднийх нутагтаа амьдрах аргагүй болж, суурин газар бараадахаар шийджээ. Энэ байдал Шаргалжуутад жил ирэх тусам гаарч, тосгоныхоны ихэнх нь ажилгүй болж, “Шаргалжуут” ХХК-ийн удирдлагууд хааяахан үзэгдэхдээ ажилтнуудаа толгой түрийгүй загнаж, таньдаг хүнээ рашаанд оруулж, олон жил ажиллаж бугшсан гэх мэт хууль бус шалтгаанаар хэнийг ч гэсэн хөөгөөд явуулдаг байна. Энэ бүхний цаана хүний амьдрал, бүхэл бүтэн тосгоны хувь заяа байгааг тэд ер тоохгүй. Ажилтнууд хөдөлмөрийн хуулийг зөрчиж буйг нь хэлэхэд бид төрийн биш хувийн байгууллага тэр хууль чинь бидэнд хамаагүй хэмээн амыг нь тагладаг аж. 

  Үүний цаана хэн байна?
Дэлхийд ижилгүй рашаан, Монголын хууль, ард түмний хүсэл шаардлагыг уландаа гишгэн мөнгөний төлөө улайрагч нууц эзэн хэн бэ гэдэг асуулт Шаргалжуутынхны толгойны өвчин болж, түүнтэй нэгийгээ үзэхээр зэхэж байна. Олны дунд Шаргалжуутыг экс ерөнхийлөгч Н.Энхбаяр аав Намбартаа авч өгсөн гэх яриа бий. 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр Баянхонгорчуудтай уулзах үеэр дээрх асуудал хөндөгдөхөд тэр эрс үгүйсгэжээ.  Одоо захирал нэртэй нүүдлийн шувуу шиг ирж буцдаг, байхаасаа байхгүй нь их Т.Түмэндэмбэрэл, түүний гэр бүлийн хүн Чулуунцэцэг нарыг түүний хамаатан гэх яриа ч чих дэлсэнэ. 
2006 онд анх хувьчлагдахад нутгийн ардад рашаан ус та нарын өмч, бид зөвхөн аж ахуйг нь л хувьчилж авч байна гэж хэлж байж. Гэтэл Шаргалжуут хувьчлагдсанаас хойш нутгийн ард иргэд рашаандаа орох эрхгүй болж, хүсэлт гаргасан нэгнийг амрах эрхийн бичиг нэхээд л хөөгөөд явуулна.
Энэ оны гуравдугаар сард С.Давааням тэргүүтэй нутгийн сэхээтнүүд сувиллын захиргаанд 100 гаруй хүний гарын үсэг бүхий гурван зүйл шаардах бичиг хүргүүлжээ. Рашааны бүсэд өрөмдлөгө хийхгүй, олон давхар байшин барихгүй, нутгийн ардад рашаанаар үйлчлэх зэргийг тусгаж, дөрөвдүгээр сард болох ИТХ-д хариу өгөхийг шаарджээ. Гэвч өдий болтол хариу өгөөгүй байна.
 Рашааныг түшиглэн бичил бизнес эрхлэгчидтэй уулзахад “Амралт хувьчлагдсанаас хойш бүх зүйл тэдний гарт орсон. Энд ажиллаж, амьдарч буй хүмүүс ямар ч эрх мэдэлгүй. Ажилтан ч тогтдоггүй. Бүс нутагт бодитой хөрөнгө оруулсан зүйл нэг ч байхгүй. Тосгонд татвар гэж ганц ч төгрөг төлдөггүй” гэсэн юм.  Тэдний яриагаар “Шаргалжуут”ХХК оргил ачаалалтай үедээ 700-800 хүн хүлээн авдаг аж. “Шаргалжуут” ХХК-ийн албаны хүмүүсээс тодруулахад нэг ээлжиндээ дунджаар 500 хүн сувилуулдаг гэсэн юм. Жилээс жилд төлбөр нь нэмэгддэг тус сувилалд гурвуулаа амраад сая таван зуун мянгыг төллөө гэсэн хүнтэй ч таарлаа.  Энэ жил сувиллын төлбөр хоногт нэг хүний 23.500-47.500 төгрөгний хооронд байв. Хамгийн энгийнээр тооцож үзэхэд сувилал сард хамгийн багадаа 450 сая төгрөг, зундаа тэрбум, тэрбумаар тооцогдох цэвэр ашиг олж байна. Шунал нь шулам болсон дээрэмчдэд цэвэр ашигтай бизнес бол яах аргагүй Шаргалжуут. Эм тан гэж нэг төгрөг ч гарахгүй, байгалиас заяасан амин ус, хад чулуу, шавраар эмчилчихнэ. Өвөлдөө ганц бургас шатаахгүй байрнуудаа рашаанаар халаачихна.  Үүнийг далд эзэд анх хувьчилж авахдаа л бүрэн тооцож, Шаргалжуутыг минь шар галзуу шуналын золиос болгон, мөнгө улаан нүд цагаан гээч болж байна. Өнгөрөгч зургаадугаар сард УИХ-ийн гишүүн Х.Баттулга Шаргалжуут тосгоныхонтой уулзах үеэр рашаан сувиллыг улсын өмч болгох эс бөгөөс Баянхонгорчуудын мэдэлд шилжүүлэх асуудлаар ард иргэд саналаа хэлжээ. Эрхэм гишүүн “Энэ удаа би хуулийн дагуу ямар нэгэн амлалт өгөх эрхгүй. Харин их хуралд сонгогдож гэмээнэ асуудлыг дорвитой анхаарна” гэсэн нь хонгилын үзүүрт гэрэл харагдана гэгчээр Шаргалжуутынхны гол найдвар болоод байна.
М.ДАВААСҮРЭН