Friday, April 20, 2018

М.Золзаяа: “Манай олимпиад математик сонирхогч хүн бүрт нээлттэй”

Сүүлийн үед цахим орчноор Баянхонгор аймагт математикийн олимпиад зохион байгуулагдах тухай мэдээлэл анхаарал татах боллоо. Тодруулахад Номундалай цогцолбор сургуулийг 2006 онд төгссөн нэг ангийнхан хамтран оюуны хөгжлийг дэмжих зорилгоор Математикийн олимпиад зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Тус олимпиадын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор олимпиадыг зохион байгуулагчдын нэг М.Золзаяатай уулзаж ярилцлаа.

Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе.
- Баярлалаа. Уншигчид, эцэг эхчүүд, хүүхэд багачууддаа энэ өдрийн мэнд хүргэе.

Та манай уншигчдад олимпиадын талаар танилцуулна уу?
Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн нэгэн үеийн төгсөгчид аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор Инфинити клуб ТББ-ыг үүсгэн байгуулсан. Клубын анхны үйл ажиллагаагаараа бид хүүхэд, залууст чиглэсэн эерэг зүйл хийхээр зорьж “Шинэ үеийн оюуны хөгжлийг дэмжих” зорилгоор математикийн олимпиад хийхээр шийдвэрлэсэн. Олимпиадаа 4-р сарын 28-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байна.

Олимпиад ямар төрөл, ангилалаар явагдах вэ?
Олимпиад 1-9-р анги, бага ангийн багш, ЭЕШ-ийн сорил болон чөлөөт гэсэн 4-н төрлөөр зохион байгуулагдана. 1-9-р ангийн төрөлд сурагчид өөрийн ангийн түвшин болон дээд ангийн түвшиндээ оролцох боломжтой, ЭЕШ-ийн сорилд 10-12-р ангийн сурагчид болон дунд ангийн математикийн багш нар, сонирхсон хүмүүс оролцох боломжтой. Харин Чөлөөт ангилалд сурагчид, багш нар, оюутнууд болон математик сонирхогч хүн бүр оролцох боломжтой байгаа.

Математик сонирхогч хүн бүр оролцох боломжтой гэхээр сонирхолтой санагдаж байна.
Тэгэлгүй яахав. Дээр хэлсэнчлэн чөлөөт ангилалд багш, сурагчдаас гадна дунд сургуульдаа математик сонирхдог байсан олимпиадад оролцдог байсан хүмүүс болон эцэг эхчүүд ч оролцох боломжтой. Манай олимпиадын бодлогууд нь хөнгөн, хүндэвтэр, хүнд бүх түвшний бодлогыг агуулсан тул бодоход сонирхолтойгоос гадна, хүн бүрт ижил тэгш боломжийг олгоно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа.

Олимпиадад хэрхэн бүртгүүлэх вэ? хэзээ, хаана болох вэ?
Бүртгэл 4-р сарын 25-27-ны хооронд Номундалай цогцолбор сургууль дээр хийгдэнэ. Бүртгэлийн хураамжгүй. Олимпиадын үйл ажиллагаа 2018 оны 4-р сарын 28-ны Бямба гарагт Номундалай цогцолбор сургууль дээр болно.

Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсэе.
Баярлалаа. Математик сонирхогч хүн бүхнийг олимпиаддаа оролцохыг урьж байна.

Wednesday, April 18, 2018

Brain power Математикийн олимпиад болно

Шинэ үеийн оюуны хөгжлийг дэмжих зорилго бүхий “Brain power” Математикийн олимпиад Баянхонгор аймагт 2018 оны 4-р сарын 28-ны Бямба гарагт зохион байгуулагдах гэж байна.
Тус олимпиад нь 1-10р анги, бага ангийн багш, ЭЕШ-ийн сорил болон Чөлөөт гэсэн 4-н төрлөөр зохиогдох ба ЕБС-ын сурагчдыг өөрийн анги болон дээд ангидаа дэвшин оролцох, ЭЕШ-ын сорил олимпиадад 10-12-р ангийн сурагчид болон дунд ангийн багш нар оролцох, чөлөөт ангилалд оюутан, сурагчид, багш нараас гадна математик сонирхогч хүн бүр оролцох боломжтойгоор онцлог болох юм.
Олимпиадыг Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг 2006 онд төгссөн төгсөгчид зохион байгуулж байгаа аж.

Sunday, December 28, 2014

Д.Доржготов: Энэ цаг үед дотор гэгээтэй явах илүү чухал

Ламын гэгээний 375 жилийн ойн даншиг наадамд зориулж “Хонгор нутгийн дуулал 2” цомогоо гаргаад удаагүй байгаа. Бидний сайн мэдэх Хонгорын бөх, Номгон хайрхан, Их богд хайрхан, Ламын гэгээний магтаал, Баянхонгорын магтаал оршвой хэмээх магтуу гэх мэт олон сайхан уран бүтээл туурвисан Нутаг амьтай найрагч Долгорсүрэнгийн Доржготов ахтай хөөрөлдлөө...

С.Г: Та өөрийнхөө тухай товч танилцуулна уу? 
Д.Д: Би Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад боловсрол эзэмшсэн. Гадаад Хэргийн Яамны үндсэн боловсон хүчин. Өдгөө яруу найрагт хүч сорьж байна. 

С.Г: Уран бүтээлийн олз омог их үү? Сүүлийн үеийн уран бүтээлээсээ танилцуулна уу? 
Д.Д: Өнгөрсөн зун Баянхонгор аймгийнхаа даншиг наадмаар “Хонгор нутгийн Дуулал 2” бие даасан хоёр дахь дуун цомогоо гаргалаа. Цомогт маань 2 магтуу, 13 дуу багтсан. Энэ цомог маань миний нутаг ус, зон олондоо зориулж туурвисан 30 гаруй уран бүтээлийн охь дээжээс бүтсэн. Тухайлбал Баянхонгорын магтаал оршвой хэмээх магтуу, Ламын гэгээний 8 дүрд зориулсан магтуу, Их богд хайрхан мину, Хонгорын бөх, Номгон хайрхан, Гачэн Чогбрүл Ринбочэ Ринчэнсамбуу гэгээнтний магтуу, Номч мэргэн хамба Гүн ухаантан Данданчоймзад ламтаны залбирал магтаал гэх мэт 15 уран бүтээл орсон.

Tuesday, March 4, 2014

2014 оны Ширээний теннисний Аймгийн аваргууд тодорлоо

Баянхонгор аймагт маань Сүүлийн жилүүдэд Ширээний теннисний спорт нилээд хурдтай хөгжиж тамирчид маань өсвөрийн болон насанд хүрэгчдийн Улсын хэмжээний тэмцээн уралдаануудад тогтмол амжилттай оролцож байгаа билээ. Аймгийн Соёл Спорт Аялал жуулчлалын газраас Ширээний теннисний Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж энэ жилийн аваргуудаа тодруулжээ. Ингээд та бүхэндээ тэмцээний мэдээллийг хүргэе! 
Ширээний теннисний 2014 оны өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 02 дугаар сарын 14-16-ны хооронд Баянхонгор аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газрын зааланд явагдлаа. 
Тус тэмцээн 9-өөс доош нас, 10-12 нас, 13-15 нас, 16-17 нас, насанд хүрэгчид ахмад гэсэн 6 насны ангиллаар Галуут, Баянцагаан, Баацагаан, Жаргалант, Шинэжинст сумд болон Хонгор нутаг клуб, ССАЖГазар, МСҮТ, Чандмань XXK, Нисэх, Статистик, УЦУОША гэх мэт нийт 12 байгууллагын 200 гаруй тамирчид 105 медалийн төлөө баг, нэг бүрчилсэн, дан хос, холимог хосын төрлүүдээр өрсөлдлөө.  

09-өөс доош насны ангилал


Эрэгтэй                                                       
I. Ж.Батэрдэнэ “Галуут сум”                 
II. Г.Энх-Амаглан “ССАЖГазар”           
III. Э.Мөнхбаатар “Хонгор нутаг”        
III. Б.Хишигдэмбэрэл “Хонгор нутаг”  

Monday, August 26, 2013

Мөнхбатын Уранцэцэг жудо бөхийн Дэлхийн аварга боллоо


Жүдо бөхийн 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48кг жинд зодголсон Мөнхбатын Уранцэцэг жудо бөхийн Дэлхийн аварга боллоо.

Монголын жүдо бөхийн түүхэнд дэлхийн аварга анхны эмэгтэй жүдоч болсон М.Уранцэцэг дэлхийн аваргын татамид 48 кг-ын жинд В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украйны жүдоч Марина Кротыг цэвэр, дараагийн барилдаандаа Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр, улмаар Кубын тамирчин Мария Селия Лабордег дахин цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Ингээд дараагийн барилдаанаа Бразилийн жүдоч Сара Менезестэй хийж, олимпийн аварга тамирчныг нутгийнх нь дэвжээнд сөхрүүлснээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.
Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялж, Монголын спортын түүхэнд цоо шинэ хуудас нэмж, шинэ амжилтын эзэн боллоо.


Х.Цагаанбаатар 2009 онд Монголын жудочдоос анх удаа Дэлхийн аваргын алтан медалийг авчирсан бол өнөөдөр М.Уранцэцэг Монголын эмэгтэй жудочдоос анх удаа Дэлхийн аваргын дэвжээнээ эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ. 

Дэлхийн аварга жудоч М.Уранцэцэгтээ спортын өндөр амжилт хүсэе!

Saturday, June 22, 2013

Шинэ сумын төв төслийн бүтээн байгуулалт амжилттай явагдаж байна

Шинэ сумын төв төслийн явцтай танилцаж байна
Шинэ сумын төв төсөл Бууцагаан, Баянлиг сумдад амжилттай хэрэгжиж 2 сум шинээр баригдаж байгаа билээ. Төслийн бүтээн байгуулалттай танилцахаар Баянлиг суманд Говийн 8 сумын 400 гаруй, хөрш Өвөрхангай аймгийн 10 сумын 50 гаруй төлөөлөгчид зочиллоо. 
Бүтээн байгуулалтын ажил эхлээд 1 сар болж байна. Удахгүй эмнэлгийн барилгын ажил дуусна, бусад барилгын суурийн ажил дуусан. Бүтээн байгуулалтын ажилд тус сумаас 100 гаруй хүн ажиллахын зэрэгцээ оёдол, хоол хүнсийг Баянлигчүүд хангаж байгаа ажээ.

Цаг алдахгүйн тулд шаргуу ажиллаж байна

Monday, May 27, 2013

С.Цагаан: Хөдөлмөрлөвөл амжилтанд хүрч болдогийг ойлгосон тийм л хүүхдүүд төгсгөхийг хичээдэг

Улсын Мэдээлэл зүйн олимпиадын хошой аварга, 17н жилийн дараа нутагтаа Математикийн олимпиадын мөнгөн медаль авчирсан, өдгөө улсын олимпиадаас 6н медаль хүртээд буй, сүүлийн 5 жил түүний шавь нар Баянхонгор аймгийн Математик, Мэдээлэлзүйн өнгийг тодорхойлж, улсын олимпиадад ч чамгүй амжилттай оролцдог гээд түүний тухай яриад байвал дуусахгүй урт амжилтууд цуврана. Юутай ч чадварлаг багш, нутгийнхаа Математик, Мэдээлэлзүйн сургалтын чанарыг сайжруулахаар хичэн зүтгэж буй, Баянхонгор аймгийн "Алгоритм сургалтын төв"-ийн багш Сүхбаатарын Цагаан багштай ярилцлаа.


Нямдаваа багшийн шавь болсноор эргэлт буцалтгүй
математикийн замд гүн орсон

Хоёулаа яриагаа таны математик сонирхож байсан үеэс эхлэх үү? Анх хэддүгээр ангиасаа математик түлхүү сонирхож эхэлсэн бэ? тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

Багаасаа л тоо бодох дуртай хүүхэд байсан. 1-р ангиасаа эхлээд л аймгийн олимпиадад оролцдог, 2-р ангидаа аймгийн аварга болж байсан гэхээр ерөөсөө тоо бодох дуртай хүүхэд байсан л гэж ойлгогдох байх. Зарим хүмүүс дунд ангид ороод олимпиад уралдаанд орж эхэлсэн, өөрийгөө олж нээсэн байдаг. Би бол анхнаасаа л тоо бодох дуртай хүүхэд байжээ.
Бага ангид байхдаа 3-р сургуулийнхаа багаас аймгийн математикийн олимпиадад орохоор бэлдэж байгаад Доржнамжирмаа гээд насан туршийн хамтрагчтайгаа танилцаж байсан нь хамгийн эхэнд санаанд орж байна. 6-р ангид байхад намайг 3-р сургуулийн математикийн багш Очирхуяг багш маань гэртээ аваачаад бэлддэг байсан. Тэднийх том хүүхэдгүй тул хавар гэхэд цагаан сарын боов нь дуусаагүй байсан нь их гоё байдаг байсан даа. 7-р ангидаа Талст сургууль байгуулагдаад тэнд очиж эргэлт буцалтгүй математикийн замд гүн орсон.

Талст сургуульд Нямдаваа багшийн гар дээр ирээд л математикч болох зам тодорхой болсон гэж ойлгож болно. Тийм ээ? Нямдаваа багшийн тухай яриач!

Намайг анх 7-р ангийн сурагч Талст сургуульд очиход багш маань дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн 23 настай залуу манай ангийг дааж авч байлаа. Манай ангид математик, мэдээлэл зүйн хичээл ородог. Өөрөө мэдээлэл зүйгээр бол мэргэшсэн их сайн залуу боловсон хүчин байсан юм. Математикаас гадна мэдээлэл зүй гэж цоо шинэ томоохон салбарт анх хөтлөн оруулсан хүн маань шүү дээ. Тухайн үед бол багш маань үнэхээр сайн багш байсан. Улсын олимпиадаас медаль авч чадах нь ойлгомжтой хэмжээний мэдлэг чадвартай, бид нарын төлөө маш их зүтгэсэн, Одоо ч зааж зөвлөсөөр байгаа сайхан хүн дээ. Багшийн маань шавь нараас Мягмарнаран гэж IT-гийн шилдэг мэргэжилтэн, Доржнамжирмаа гээд одоо оюутны улсын уралдааны бүх том амжилтыг хамсан шилдэг багш, Амаржаргал гээд IT зэрэг олон сайн мэргэжилтэн төрж одоо сайн сайхан ажиллаж яваа даа.
Нямдаваа багшийн тухай Цагаан багшийн бичсэн нийтлэлийг энд дарж уншаарай!

Талст сургуульд Доржнамжирмаа ах та 2 нэг цэгт уулзжээ? Та 2ыг их сайн андуудаас гадна, сайн өрсөлдөгчид байж нэгийгээ их хурцалсан гэж боддог

Магадгүй ээ. Гэхдээ Доржоогийн дээр орно, доор орно гэж ерөөсөө тооцоо хийж үзээгүй юм байна шүү, Доржоо ч мөн адил байх. Өдөр бүр цугтаа бэлтгэл хийж, бидний эсрэг өрсөлдөх гэж байгаа олон сайн хүмүүсийг дийлэхийг тулд хамтдаа хичээх хэрэгтэй гэдгийг л бид 2 мэдэж байсан.
7,8 жилийн турш өдөр бүр цуг бэлтгэл хийж бие биенийхээ тухайн үед хийсэн бүгдийг мэддэг болсон хүмүүс дээ. Доржоо маань багш болсноос хойш 6 удаа улсын програмчлалын олимпиадад оролцоод 4 удаад багаа түрүүлүүлж цом авсан, сүүлийн 3 жил дараалан түрүүлж, одоо дунд сургуулийн мэдээлэл зүйн олимпиаднаас амжилт гаргасан ихэнх сайн хүүхэд тэдний сургуульд ордог болсон. Ийм зүйлийг л бүтээн бий болгохын төлөө хөдөлмөрлөж үр дүнд хүрсэн, олон газраас шигшигдэж ирсэн шилдэг оюутан залуучуудыг удирдаг Монголын төлөө ажиллаж байгаа сайн багш. Одоо олон улсын давцанд гарсан амжилт үзүүлэхээр зорьж байгаа. Миний дэргэдээс, бидний дундаас, Баянхонгорчуудын дундаас ийм сайн хүн төрж одоо Монголын шилдэг сайн залуучуудыг чиглүүлж яваа нь үнэхээр сайхан.

Хүний амтлах, сонсох ... гээд үндсэн мэдэрхүйнүүдээс хамгийн төгс нь
оюун санааны таашаал авах юм

Хүнд ч юмуу сонирхолтой бодлого шийдхээр Математикийн ШУны амтыг мэдэрдэг. Ямар гоё бодлого вэ? гэх бодол, өөртөө итгэх итгэл төрөөд л улам сонирхол төрөөд явчихдаг. Та хамгийн анх, хамгийн сүүлд тийм мэдрэмжийг ямар бодлого шийдэж, хэзээ мэдэрч байв? 

Яасан гоё асуулт вэ ... бодлого мэдрэх мэдрэмж, түүнд өгөх хариу үйлдлээрээ хамгийн сайн нь манай Далайжаргал байгаа юм. "Хо ямар гоё бодлого вэ? ямар гоё бодолт вэ?" гээд хажуудах хүнийхээ бахархалыг дэврээсэн үйлдэл байнга хийдэг юм.
Хамгийн эхнийх гэхээр санахгүй байх л даа. 2-р ангидаа аймгийн олимпиадад нэг бодлого бодож чадахгүй ширээгээ дэрлэж хэвтэж байгаад найзынхаа надад зурж өгсөн зурагнаас санаа авч гэнэт бодчихоод маш их баярлаж байснаа сайн санаж байна. Сүүлд бол саяхан улсын олимпиадын бэлтгэл дээр их сайн бодож байсан. Улсад бас сайхан бодолтууд хийсэн.
Өчигдөр Програмчлалын лигт нэг бодлого бэлдэж оруулсан, тэрийг бэлдэхэд бас их гоё байсан шүү...
Хүний амтлах, сонсох... гээд үндсэн мэдэрхүйнүүдээс хамгийн лаг нь оюун санааны таашаал авах нь юмаа гэж алдарт Ц.Дашдорж багш хэлсэн байдаг.

Нямдаваа багшийг гадаадад сурч байхад нь түүний нэрэмжит олимпиадуудыг жил бүр зохион байгуулдаг байсан. Би Нямдаваа гэж их хөгшин багш байдаг гэж боддог байлаа. Тэгсэн залуухан багш, шавь нар нь 1,2р курсийн оюутнууд байхдаа аймагтаа 10н жилийн бүх багш сурагчдын дунд олимпиад зохиогоод л.. бас л мундаг бахархууштай байсан шүү. Ер нь Багшийгаа хамгийн ихээр хэзээ баярлуулсан гэж боддог вэ?

2004 он. Монголын Програмчлалын 14-р олимпиаднаас хүрэл
2007 он. Монголын Програмчлалын 17-р олимпиаднаас хүрэл
2009 он. Монголын мэдээлэл зүйн 23-р олимпиадын багш нарын АЛТ
2011 он. Монголын мэдээлэл зүйн 25-р олимпиадын багш нарын мөнгө
2013 он. Монголын Математикийн 49-р олимпиадын багш нарын МӨНГӨ
2013 он. Монголын мэдээлэл зүйн 27-р олимпиадын багш нарын алт
7-р ангидаа мэдээлэл зүйн аймгийн олимпиадад ороод манай 10-р ангийн Мягмарнаран ах түрүүлээд би 2-д орсон. Багш тэгэхэд л маш их баярлаж байсан, миний шавь ийм жижигхэн байж гээд...
Багш маань бол үнэхээр жирийн биш сайн хүн. Их залуугаараа өөрийн сайн чадвараа ашиглан сайн сайн шавь нар бэлдсэн. Шавь нартаа зөв зөвлөгөө өгч чиглүүлсэн. Жишээ нь намайг "чи одоо математикаа л улам сайжруул тэгвэл сайн алгоритм боловсруулж чаддаг болно" гээд математик сургахаар УБ хотруу сургуульд явуулсан. Доржоог сайн мэргэжилтэн болох ёстой гээд л бэлддэг байсан. Бид хожмоо багш шигээ сайн үйлс бүтээцгээнэ гээд багш болцгооход Нямдаваа багшийн маань бидний ухамсарт суулгасан хүмүүжил их түлхэц үзүүлсэн байх л даа.
Тэр олимпиадын тухай бол багш өөрөө санаачилж, бүх шагналыг нь хувиасаа гаргаад биднээр хийлгэдэг байсан. Бүх санаа нь багшийнх л даа. Уг нь уламжлал болгоод авч явж чадсан бол их сайн нөлөө үзүүлэх байсан байх. Даан ч миний мугаас л тасарчихсан... одоо намраас эхлээд тэр ажлаа илүү сайжруулаад үргэлжлүүлнэ дээ.