Sunday, August 21, 2011

"Их богд аялал-2011" аялал боллоо.

Баянхонгор аймгийн аялал жуулчлалын нөөц газруудыг таниулан сурталчилах дотоод гадаадын жуулчдыг татах зорилгоор аймгийн БОАЖГазар, Лувсанданзанжанцан холбоо, ИББЦГХЗ, БТСГ, Баянхонгор телевиз зэрэг байгууллагууд хамтран 2011 оны 08 дугаар сарын 08-13-ны хооронд “ИХ БОГД АЯЛАЛ-2011” аялалыг зохион байгууллаа.
Аялалд УБ хотоос Баянхонгор аймгийн уугуул спортын ахмад тамирчин Я.Цэрэндулам, Б.Бадрууш, С.Бадарч, Г.Долгорханд, Ц.Дангаа болон БОАЖГазрын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Содномсамдан, Лувсанданзанжанцан холбооний тэргүүн Г.Энхбаатар, Б.Наранбаяр, Д.Бүдрагчаа, ИББЦГХЗахиргааны байгаль хамгаалагч С.Батсуурь, ШУТИС-ийн НТС-ийн аялал жуулчлалын менежментийн ангийн оюутан Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо. ИББЦГХЗахиргааны даргын батлуулсан маршрутын дагуу аялал явагдсан бөгөөд нийт 13 газруудын цэг солбилцолыг тогтоож телевизийн бичлэг хийлээ.

Monday, August 1, 2011

“Их Богд аялал 2011” адал явдалт аялалд урьж байна.


Баянхонгор аймгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газруудыг сурталчилах, судалгаа шинжилгээ хийж мэдээллийн сан бүрдүүлэх, дотоод гадаадын жуулчдыг татах, аймгийнхаа түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор УТХГНутаг Баянхонгор аймгийн Их Богд ууланд Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Лувсанданзанжанцан холбоо хамтран “ИХ БОГД АЯЛАЛ -2011” Адал явдалт аялалыг зохион байгуулах гэж байна. Аялал 2011 оны 08 дугаар сарын 08-аас эхлэн 5 өдрийн туршид үргэлжилнэ.
 
Аялагчид Их Богд Ууланд орших байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газрууд болох Оюу, Номин нуур, Цонж, Ичээтийн рашаан, Пунцаг овоо, 3 чавганцын ангал, Ширээгийн бичигт хад, Хүрэмтийн тогоо зэрэг нийт 18 газрыг үзэж сонирхоно Хонгор нутгийнхаа гайхамшиг болсон Их Богд уултай танилцах сонирхолтой эрхэм аялагч та бүхнийг “ИХ БОГД АЯЛАЛ -2011” аялалд урьж байна. 

Sunday, July 31, 2011

Баянхонгорт төрийн шагналын хур буулаа

Баянхонгор аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хурал өчигдөр /07.30/ болж, хонгор нутгаас төрөн гарсан алдартнууд, хүндэт зочид болон нутгийн зон олон оролцлоо. Ламын гэгээн Лувсанданзанжанцангаас эхлээд хэл шинжлэлийн ухааны нэрт эрдэмтэн Лувсанвандан, Ардын уран зохиолч Т.Галсан, доктор, соёлын гавьяат зүтгэлтэн С.Дулам нарын алдартнууд энэ нутгаас төрөн гарчээ. Хонгор нутаг Улсын баатар нэг, хөдөлмөрийн баатар 21, гавьяат цолтон 108, генерал хоёр зэрэг олон алдартантай. Олон түүхэн тэгш ой давхцаж буй энэ цаг үед тус аймаг дөрвөн шинэ гавьяат цолтноо өлгийдөж авсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар дөрвөн хүний хөдөлмөр, бүтээлийг үнэлж гавьяат цол олгосныг төрийн түшээд болон аймгийн удирдлагууд энэ хурлын үеэр гардууллаа. Гавьяат багш цолоор Баянхонгор МСҮТ-ийн захирал Ш.Чимгээ, гавьяат тээвэрчин цолоор аймгийн иргэн Д.Сономдорж, гавьяат холбоочин цолоор Баянхонгор аймгийн Цахилгаан холбооны инженер Д.Болд, гавьяат малчин цолоор өндөр настан Дэндэв нар шагнуулж, нутгийнхаа гавьяат цолтны тоог 108-д хүргэсэн юм. 
Мөн Алтангадас одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль болон Баянхонгор аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн медалиар олон хүн энгэрээ мялааж, хонгор нутгийнханд төрийн шагналын хур буулаа.
Эл түүхэн ойдоо зориулж тус аймгийнхан 14 тэрбум төгрөгөөр 108 бүтээлч ажил хийжээ. Үүний нэг болох усан оргилуурт цэцэрлэгт хүрээлэн, Улсын баатар Н.Жамбаагийн хөшөөг аймгийн төр захиргааны ордны өмнөх талбайд сүндэрлүүлсэн юм.

А.Зул
Эх сурвалж: http://local.news.mn/content/75793.shtml

Tuesday, July 12, 2011

Хонгор нутгаас Улсын Начин төрлөө.

Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Баянхонгор аймгийн арслан Ж.Чулуунбат 5 давж Улсын начин цол хүртлээ!
Энэ жил манай аймгаас улсын наадамд урьд жилүүдийнхээс олон бөх барилдсан бөгөөд нутгийн бөхчүүд "Их богд" бөхийн дэвжээ байгуулж бэлтгэл сургуулилтаа нилээд сайн хангасан байв.
Аймгийн 70н жилийн ой сайхан болох байхаа.

Friday, May 20, 2011

Баянхонгор миний нутаг

Үг: Д.Сосорбарам
Ая: Т.Ганболд
 
Хөх Монголын амин тасархай
Хонгор нутгийн түмэн минь
Алт эрднэсээр элбэг баян
Амьдрал тэмцлээр дүүрэн хийморь
Байгаль дэлхийн үзэсгэлэнт өлгий
Баянхонгор миний нутгаа
Ус агаар нь насан дэлгэрсэн
Уран байгалийн өнгө нь алгалсан
Түмэн олноо ариусган ундаалсан
Түй, байдраг, шаргалжуут рашаан
Байгаль дэлхийн үзэсгэлэнт өлгий
Баянхонгор миний нутгаа
Мөнх тэнгэрийн нарны цацрага доор
Хүмүүн заяаны сэтгэл нь цагаахан
Тал хангай говь газартаа
Тавилан төөргийн жам нь гэгээхэн
Байгаль дэлхийн үзэсгэлэнт өлгий
Баянхонгор миний нутгаа