Monday, August 26, 2013

Мөнхбатын Уранцэцэг жудо бөхийн Дэлхийн аварга боллоо


Жүдо бөхийн 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48кг жинд зодголсон Мөнхбатын Уранцэцэг жудо бөхийн Дэлхийн аварга боллоо.

Монголын жүдо бөхийн түүхэнд дэлхийн аварга анхны эмэгтэй жүдоч болсон М.Уранцэцэг дэлхийн аваргын татамид 48 кг-ын жинд В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украйны жүдоч Марина Кротыг цэвэр, дараагийн барилдаандаа Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр, улмаар Кубын тамирчин Мария Селия Лабордег дахин цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Ингээд дараагийн барилдаанаа Бразилийн жүдоч Сара Менезестэй хийж, олимпийн аварга тамирчныг нутгийнх нь дэвжээнд сөхрүүлснээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.
Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялж, Монголын спортын түүхэнд цоо шинэ хуудас нэмж, шинэ амжилтын эзэн боллоо.


Х.Цагаанбаатар 2009 онд Монголын жудочдоос анх удаа Дэлхийн аваргын алтан медалийг авчирсан бол өнөөдөр М.Уранцэцэг Монголын эмэгтэй жудочдоос анх удаа Дэлхийн аваргын дэвжээнээ эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ. 

Дэлхийн аварга жудоч М.Уранцэцэгтээ спортын өндөр амжилт хүсэе!