Friday, April 20, 2018

М.Золзаяа: “Манай олимпиад математик сонирхогч хүн бүрт нээлттэй”

Сүүлийн үед цахим орчноор Баянхонгор аймагт математикийн олимпиад зохион байгуулагдах тухай мэдээлэл анхаарал татах боллоо. Тодруулахад Номундалай цогцолбор сургуулийг 2006 онд төгссөн нэг ангийнхан хамтран оюуны хөгжлийг дэмжих зорилгоор Математикийн олимпиад зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Тус олимпиадын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор олимпиадыг зохион байгуулагчдын нэг М.Золзаяатай уулзаж ярилцлаа.

Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе.
- Баярлалаа. Уншигчид, эцэг эхчүүд, хүүхэд багачууддаа энэ өдрийн мэнд хүргэе.

Та манай уншигчдад олимпиадын талаар танилцуулна уу?
Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн нэгэн үеийн төгсөгчид аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор Инфинити клуб ТББ-ыг үүсгэн байгуулсан. Клубын анхны үйл ажиллагаагаараа бид хүүхэд, залууст чиглэсэн эерэг зүйл хийхээр зорьж “Шинэ үеийн оюуны хөгжлийг дэмжих” зорилгоор математикийн олимпиад хийхээр шийдвэрлэсэн. Олимпиадаа 4-р сарын 28-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байна.

Олимпиад ямар төрөл, ангилалаар явагдах вэ?
Олимпиад 1-9-р анги, бага ангийн багш, ЭЕШ-ийн сорил болон чөлөөт гэсэн 4-н төрлөөр зохион байгуулагдана. 1-9-р ангийн төрөлд сурагчид өөрийн ангийн түвшин болон дээд ангийн түвшиндээ оролцох боломжтой, ЭЕШ-ийн сорилд 10-12-р ангийн сурагчид болон дунд ангийн математикийн багш нар, сонирхсон хүмүүс оролцох боломжтой. Харин Чөлөөт ангилалд сурагчид, багш нар, оюутнууд болон математик сонирхогч хүн бүр оролцох боломжтой байгаа.

Математик сонирхогч хүн бүр оролцох боломжтой гэхээр сонирхолтой санагдаж байна.
Тэгэлгүй яахав. Дээр хэлсэнчлэн чөлөөт ангилалд багш, сурагчдаас гадна дунд сургуульдаа математик сонирхдог байсан олимпиадад оролцдог байсан хүмүүс болон эцэг эхчүүд ч оролцох боломжтой. Манай олимпиадын бодлогууд нь хөнгөн, хүндэвтэр, хүнд бүх түвшний бодлогыг агуулсан тул бодоход сонирхолтойгоос гадна, хүн бүрт ижил тэгш боломжийг олгоно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа.

Олимпиадад хэрхэн бүртгүүлэх вэ? хэзээ, хаана болох вэ?
Бүртгэл 4-р сарын 25-27-ны хооронд Номундалай цогцолбор сургууль дээр хийгдэнэ. Бүртгэлийн хураамжгүй. Олимпиадын үйл ажиллагаа 2018 оны 4-р сарын 28-ны Бямба гарагт Номундалай цогцолбор сургууль дээр болно.

Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсэе.
Баярлалаа. Математик сонирхогч хүн бүхнийг олимпиаддаа оролцохыг урьж байна.

Wednesday, April 18, 2018

Brain power Математикийн олимпиад болно

Шинэ үеийн оюуны хөгжлийг дэмжих зорилго бүхий “Brain power” Математикийн олимпиад Баянхонгор аймагт 2018 оны 4-р сарын 28-ны Бямба гарагт зохион байгуулагдах гэж байна.
Тус олимпиад нь 1-10р анги, бага ангийн багш, ЭЕШ-ийн сорил болон Чөлөөт гэсэн 4-н төрлөөр зохиогдох ба ЕБС-ын сурагчдыг өөрийн анги болон дээд ангидаа дэвшин оролцох, ЭЕШ-ын сорил олимпиадад 10-12-р ангийн сурагчид болон дунд ангийн багш нар оролцох, чөлөөт ангилалд оюутан, сурагчид, багш нараас гадна математик сонирхогч хүн бүр оролцох боломжтойгоор онцлог болох юм.
Олимпиадыг Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг 2006 онд төгссөн төгсөгчид зохион байгуулж байгаа аж.