Sunday, December 28, 2014

Д.Доржготов: Энэ цаг үед дотор гэгээтэй явах илүү чухал

Ламын гэгээний 375 жилийн ойн даншиг наадамд зориулж “Хонгор нутгийн дуулал 2” цомогоо гаргаад удаагүй байгаа. Бидний сайн мэдэх Хонгорын бөх, Номгон хайрхан, Их богд хайрхан, Ламын гэгээний магтаал, Баянхонгорын магтаал оршвой хэмээх магтуу гэх мэт олон сайхан уран бүтээл туурвисан Нутаг амьтай найрагч Долгорсүрэнгийн Доржготов ахтай хөөрөлдлөө...

С.Г: Та өөрийнхөө тухай товч танилцуулна уу? 
Д.Д: Би Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад боловсрол эзэмшсэн. Гадаад Хэргийн Яамны үндсэн боловсон хүчин. Өдгөө яруу найрагт хүч сорьж байна. 

С.Г: Уран бүтээлийн олз омог их үү? Сүүлийн үеийн уран бүтээлээсээ танилцуулна уу? 
Д.Д: Өнгөрсөн зун Баянхонгор аймгийнхаа даншиг наадмаар “Хонгор нутгийн Дуулал 2” бие даасан хоёр дахь дуун цомогоо гаргалаа. Цомогт маань 2 магтуу, 13 дуу багтсан. Энэ цомог маань миний нутаг ус, зон олондоо зориулж туурвисан 30 гаруй уран бүтээлийн охь дээжээс бүтсэн. Тухайлбал Баянхонгорын магтаал оршвой хэмээх магтуу, Ламын гэгээний 8 дүрд зориулсан магтуу, Их богд хайрхан мину, Хонгорын бөх, Номгон хайрхан, Гачэн Чогбрүл Ринбочэ Ринчэнсамбуу гэгээнтний магтуу, Номч мэргэн хамба Гүн ухаантан Данданчоймзад ламтаны залбирал магтаал гэх мэт 15 уран бүтээл орсон.

С.Г: Гэгээнтэний магтаал туурвих буянтай ажил нь мэдээж. Харин бичиж туурвих амаргүй биз? 
Д.Д: Түүхэн эх сурвалжийг нягтлан судлах, бодит үнэнийг өгүүлэхээс гадна урлах эрдэм шаардсан нарийн чимхлүүр ажил. Өөртөө өндөр шаардлага, үүрэг хүлээж, гэгээнтний эрдэм чадал, бүтээл туурвил, иш увдис зэргийг бүрэн харуулна гэдэг амаргүй ч би хийхгүй бол хэн хийх юм бэ? гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барьж, номын гэгээнд өөрөө ариусан суусан цаг мөч бүр жаргалтай, амттай байсан. 

С.Г: Тухайлбал? 
Д.Д: “Баянхонгорын эзний сан, өлзийт далайн уйлга оршвой” хэмээх Хонгор хайрханы тахилгын сан судрыг зохиосон Дамданчоймзад ламтны залбирал магтаалд: “Итгэл, эрдэм, хүндлэл, нигүүлслийн зочин мөн өр төлөөсийн амьтас нигууд” гэсэн холбоо үгс бий. Эдгээрийн цаад чанад утгыг тайлбал: “Хүндлэлийн зочин” гэдэгт тантарын дөрвөн аймгийн ядам бурхан, бурхан багш, язгуурын таван бурхан, яайн цагийн мянган бурхан ордог бол, “Итгэл эрдмийн зочин” гэдэгт нь гурван орны баатар, дагинас, махагал тэргүүт номыг тэтгэгч сахиусны чуулган, “Нигүүлсэхүйн зочин” гэдэгт заяаны тэнгэр, жил, сар, хоногийн тэнгэр, орны тэнгэр, дэлхийн эзэд тэргүүтэн харин “Өр төлөөсийн амьтас нигууд” гэдэгт тотгорын язгуур найман мянга, адын язгуур гурван зуун нар орох жишээтэй. Ингэхээр уул, овоогоо тэнгэрт тайхдаа дээрх зочдоо алагчлалгүй урин залж, Бясалгаад сан утлагаа өргөж баясан цэнгүүлдэг эртний ёсон байдаг юм билээ. Энэ бүхнийг судлахад манай Гурванбулагийн мэргэн дүү, лам Д.Батболд их тус болсон. 

Даншиг наадмын үеэр Ламын гэгээний 8-р дүр
Данзинжамбалчойжишинд Хонгор нутгийн дуулал
дуун цомогоо өргөн барьж байгаа нь
С.Г: Шашны үг хэллэгийг шууд ойлгоход одоогийн залууст хэцүүхэн санагдлаа 
Д.Д: Ер нь Монгол төрийн болон шашны үг хэллэг 9 нууц утгын түлхүүртэй байсан. Манай Галуутын Я.Цэвэл гуайн алдарт ногоон толь анх 3 түмэн /30,000 сурв./ үгтэй зохиогдсон ч шашны үг хэллэг орсон гээд харь гүрний заавраар гуравны хоёрыг нь хассан. Энэ бол үгийн цааз, үзэл суртлын ярга байж. Одоо цаг өөр болсон, уламжлалт шашны зан үйл сэргэсэн. Дэлхийн айлсалт буюу даяаршлын энэ үед уламжлалт хэл соёлоо хамгаалж, дархлаагаа хамгаалах маш чухал, мөн миний үүрэг. Энэ бол эх оронч үйл. Одоогоор ард зон, том дарга нар анзаарч, сайшаан хүлээж авахгүй тоомжиргүй хандаж байгаа ч хэзээ нэгэн цагт ойлгох биз ээ. Тэгээд ч сэтгэл зүрхнийхээ дуудлагаар хийсэн болохоос хэн нэгэнд таалагдъя гэж бичээгүй.

С.Г: Баянхонгорын магтаал оршвой хэмээх магтуу төрсөн тухай яриач ?
"Баянхонгорын магтаал оршвой" магтууны клипний
зураг авалтын үеэр нутгийн хэсэг уран бүтээлчид
Д.Д: Санаачлагч нь би, хамтрагч нь Хөсөгтөн хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг байгаа юм. Хүн зон, нутгаа магтсан даацтайхан бүтээл хийх юмсан гэж байнга л бодож явдаг байлаа. Гэтэл цагаан сараар Төв аймгийн Өндөр ширээт сумынхан нэгэн сайхан магтаал хийж дүрсжүүлсэнийг үзлээ. Тэр уран бүтээлд Хөсөгтөн хамтлаг, дуучид оролцсон байсан. Удалгүй Батзоригтой тааралдаад Баянхонгорынхоо магтаалыг хийх санал тавьсан. Батзориг маань уриалгахан хүлээж авч, би ч бас бодож явлаа, сайхан санаа байна гэдэг юм байна. Тэгээд л шууд шүлгээ тэрлээд анхны хувилбараа өгсөн. Удалгүй Батзориг аялгуу хийгээд сонсголоо. Ингээд даншиг наадмын бэлтгэл ажил эхэлж, наадмын комиссынхон хотод ирж, шууд бичлэгийн ажилдаа орсон. Олон хүн хамарсан болхоор хоолойн бичлэг, клип хийхэд амаргүй байсан. Гол ажлыг В.Батзориг маань нугалсан даа. Дуучдаас гадна хуурчид, бүжигчид, нийлсэн 50 гаруй уран бүтээлчид оролцсон. Хонгорчууд эх орны дөрвөн зүг найман зовхист байгаа болохоор тэднийхээ сэтгэлийн гал дөлийг бадраахад бага ч атугай тус нэмэр болоо биз ээ. Одоо хүртэл сайхан бүтээл болсонд баярлаж, талархсан сэтгэгдэлээ илэрхийлсээр байна. Миний шинэ цомогт энэ магтуу орсон. Эрх биш 3 бадаг дуунаас өөр шүү... 

С.Г: Яруу найрагчид их омголон дэврүүн хүмүүс байх шиг санагддаг. Таны тухайд? 

 
Д.Д: Би бол гадагшаа омогшдоггүй. Миний омогшил сэтгэлийн гүнрүүгээ дотогшоо л байдаг байх. Тэгээд ч нэг шүлгэнд маань: “Дотогшоо яргаж ургасан багын зөн Гадагшаа сөргөж омогшихыг огоорч Насжих тусам ухаан охь нэрсэн Найрагчийн хувь тохиол намайг хөтөлж дээ” гэсэн мөрүүд бий. Найрагчид ихэнхдээ дэврүүн, цайлган сэтгэлтэй, хүүхдэрхүү зантай байдаг. Харин мөн чанар нь эх оронч сэтгэлтэй, нийгмийн аливаа буруу чиг хандлагад эмзэг ханддаг, мэдрэмтгий хүмүүс байдаг л даа. Онгод гэж байдаг уу? Байдаг бол яаж илэрдэг вэ? Байдаг гэж боддог. Гэнэт шүлэг бичмээр, эсвэл аяндаа шүлгийн мөр бадгууд урсан орж ирэх явдал бий. Харин тэр агшныг алдалгүй, үзгээ шүүрч санаагаа буулгах нь чухал. Үүнийг би соронзон орны эерэг буюу цагаан эрчис дайраад өнгөрлөө гэж ухаардаг. Хүн төрөлхтөн зэрэгцээ ертөнцөө таньж мэдээгүй л байгаа. Хаа нэгтээгээс магадгүй далд ухамсараас ирдэг байж ч болох юм. Онгодоор эхэлж бүтсэн бол сайн дуу, сайн шүлэг гардаг нь гарцаагүй. Дэлхий атомоос бүтдэг бол аливаа агуу зүйл ч багаас эхтэй. Бага зүйлд ач холбогдол өгдөггүй хүн том зүйл бүтээж чадахгүй. Хүмүүний харилцаа ч гэсэн мэндлэх, хүндлэх, хоёр гуравхан үгийн хандлагаас эхэлнэ. Манай ард түмэн бэлэгдэл, зөн совинд итгэдэг нь далд ертөнцийг таних гэсэн түүнийг өөртөө зөвөөр эргүүлэх гэсэн ухааны учиг, мэдрэмж өндөртэй хүмүүс. 

С.Г: Та их нутаг амьтай хүн шиг санагдлаа 
Д.Д: Би нутагтаа хайртай. Байнга зүүдэлж, санаж, шүлгээ тэрлэж суудаг хүн. “Сайн явдлын ерөөлийн хаан” гэдэг сударт Бурханы ном, дээдсийн айлдварыг өөрийнхөө Сайхан ерөөлийг чинхүү сүжгээр хичээж үйлдвээс нутгийн тэнгэр баясаж, даатгасан үйлийг бүтээх шид хүч хайрладаг болохыг номлосон байдаг. 

Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэе.
Баярлалаа.

No comments:

Post a Comment