Wednesday, September 26, 2012

“Халуунболор” төвийн тэргүүн А.Одончимэг: “Шаргалжуут” –ыг анх Төрийн өмчийн хороо 650сая төгрөгөөр хувьчлахаар дуудсан ч 190сая төгрөгөөр зарсан байдаг

Баянхонгор аймгийн “Шаргалжуут” рашаан сувиллын дэргэдэх “Халуунболор” төвийн тэргүүн А.Одончимэгтэй тус газарт өрнөж байгаа асуудлаар  ярилцлаа. “Халуунболор” төв нь тархины саажилттай хүүхдүүдийг сувилдаг сувилал юм.

“Халуунболор” төвийг нээгээд хэдэн жил болж байгаа вэ?
Би Баянхонгорын уугуул иргэн биш. Улаанбаатарт төрсөн, Дарханд өссөн геологич мэргэжилтэй хүн. 1984 онд миний анхны хүүхдийг эх баригч хиллэх гэж явж байгаад санамсаргүй шалан дээр унагаж алдсанаар  тахир дутуу болсон. Хүүхдээ эмчлүүлэх гэж хаа сайгүй явсан. Тахир дутуу хүүхэдтэй хүний зовлонг сайн мэдэх хүний хувьд хожим нь “Шаргалжуут”-ын бэр болж очоод, маш олон хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу хүүхэд ирдгийг анзаарч туслахаар шийдсэн юм. Одоо Монгол Улсын хэмжээнд жилдээ 55-60 мянган эх төрж байна.
1000 төрөлт тутмын 1-2 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг юм. Яг одоогийн байдлаар улсын хэмжээнд 6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Түүний едөө 1200 нь манай “Халуунболор” төвийг зорьж ирж эмчлүүлдэг юм. Анх УИХ-ын гишүүн С.Оюун, гишүүн асан Одончимэд нартай хамтарч, хоёр гэр, нэг жижиг байшинд төвөө нээж байлаа. Тэд хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ачтай юм билээ. Тэгээд надад тусалж, энэ төвийг нээсэн юм. Сүүлдээ үйл ажиллагаагаа өргөсгөөд 5-6 гэртэй болсон байгаа. Нэг ээлжинд 25, жилдээ 800-1200 орчим хүүхэд хүлээж авах чадалтай болсон. 1996-2008 он хүртэл манай төв үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн.

Тэгээд 2008 оноос эхэлж доголдсон юм уу?

2008 онд Шаргалжуут тосгоны ард иргэд намайг тосгоны Засаг даргаар сонгосон юм . Энэ үеэр “Шаргалжуут” рашаан сувилал хувьчлагдсаны улмаас тэнд үйл ажиллагаа явуулж байсан олон хувийн хэвшлийнхэн доголдож эхэлсэн. Яагаад гэвэл зөвхөн “Шаргалжуут” амралтын газар ирж байгаа амрагчдыг л рашаан усанд оруулахаас биш бусад дагалдах үйл ажиллагаа явуулж байгаа жижиг аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулах хувьчилж авсан эрхийг хааж, боогдуулж эхэлсэн. Манай төвийн үйл ажиллагаа ч бага зэрэг доголдож байгаа.

Хувьчлагдсан гэдэг утгаараа тэгэх эрхтэй юм биш үү?
Ер нь рашаан ус, байгалийн баялаг ард түмний өмч байдаг. Үндсэн хууль, рашааны тухай хуулинд ч тэгж заасан байгаа. Тэгээд ч тэр хүмүүс “Шаргалжуут” рашаан сувил­лын байр, сууцийг л хувьчилж авсан болохоос биш 108 рашааныг худалдаж авсан юм  биш. Тэнд морьтой, машинтай, явган хэн ч очсон гэсэн байгаль дээр урсч байгаа рашаанаас хүртэх эрхтэй. Хуулийнхаа дагуу шүү дээ. Гэтэл тэр хүмүүс арай дэндүү давуу эрхтэй үйл ажиллагаа явуулаад байгаа юм.

Танай төв ч гэсэн рашаанаас хэрэглэж үйл ажиллагаа явуулдаг биз дээ?

Манайх бол жижигхэн ТББ. “Шаргалжуут”-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ аваад ирж байгаа ээжүүдэд сэтгэлийн дэм өгөх, хүүхдүүдийг нь өдрийн таван удаагийн үнэгүй хоолоор, байраар хангадаг байсан.  Монголд байгаа 6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 70 хувийнх нь  ээж  өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрөө 24 цагийн асаргаа, сувилгаа шаарддаг учраас гэр бүлийн хоёр хүний нэг нь заавал ажилгүй гэртээ суух шаардлага гардаг. Энэ байдлаас болж гэр бүл салдаг. Эрчүүд энэ бэрхшээлийг дааж чадалгүй эхнэр хүүхдээ орхидог. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эмэгтэйтэй гэрлэх хүн олддоггүй. Тэгээд л бүх насаараа өрөөл татанхай хүүхэд чирсэн, хөгшин залуу олон эмэгтэй Монголд амьдарч байна. Би өөрөө ийм хүүхэдтэй байсан учраас тийм эхчүүдэд туслахын тулд хүний нутагт амьдарч, гэр оронгүй шахам байхдаа л зүтгэж эхэлсэн. Эхэндээ өдөрт нэг удаа хүүхдүүдийг талх, нарийн боовоор хооллодог байлаа. Сүүлдээ надад олон аж ахуй нэгж тусалж,  өдөртөө таван удаа хооллодог болсон. “Шаргалжуут” өөрөө 50 жилийн түүхтэй, брэнд болсон рашаан сувилал учраас жил бүр маш олон хүн зорьж очдог. Тэд миний хийж байгаа ажлыг хараад, танилцаад, тусалж дэмждэг юм.

“Шаргалжуут” рашаан сувилал хувьчлагдсанаас хойш танай үйл ажиллагаа ч доголдсон талаар та түрүүнд дурьдсан. Ямар шалтгаанаас болсон юм бэ?

“Шаргалжуут” рашаан сувилал хувьчлагдаагүй, эрүүл мэндийн яамны харьяа байхад тэр үеийн удирдлага болох Ядмаа гуай манай “Халуунболор” төвийн удирдах зөвлөлд өөрөө орж ажиллаад, хүүхдүүдийг, манай үйл ажиллагааг дэмждэг байсан. Тиймээс би хэдэн гэртээ тахир дутуу хүүхэдтэй ээжүүдийг байрлуулдаг байлаа.  Хоолыг нь үнэгүй хангадаг байсан.  Харин рашаанд орох сувилал, ванн, шаварт орохыг нь тэдний талаас үнэ төлбөргүй даадаг байсан юм. Мөн оюун ухаан, мэдрэл согогийн 38 номерын рашаан, таван мэдрэхүй сэргээх рашаан гээд бүгд байгальдаа үнэгүй байгаа. Ээжүүд маань очоод тосч авчраад, даавуунд боогоод хүүхдийнхээ толгойг боодог юм. Гэх мэтээр эмчилгээ хийдэг. Хувьчлагдсанаас хойш халуун рашаанд орох, шавар эмчилгээ зэрэг дээр маргаан үүссэн. Хувьчилж авсан байгууллага хүмүүсийг хөлсөөр ажиллуулж, холоос шавраа тээвэрлэдэг гэдэг утгаараа манай хүүхдүүдээс төлбөр нэхэж байгаа. Би  түүнийг нь ойлгож байна. Гэхдээ энэрэнгүй сэтгэлээр хандаад, хаа байсан 700 км-ын цаанаас өвчтэй хүүхдээ чирээд ирж байгаа ээжүүдэд туслаад, манай байгууллагатай хамтарч үйл ажиллагаа явуулсан бол энэ компанид илүү их ашигтай байх байсан. Тухайлбал, манай байгууллагаас жил бүр сарлагийн баяр хийдэг. Энэ жил хамтарч ажиллах санал тавихад хүлээж аваагүй. Ерөөс орон нутгийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй. Энэ байдлаас болоод нутгийн ард түмэн, компани хоёрын хооронд зөрчил үүсээд байгаа нь ажиглагддаг юм.

“Шаргалжуут” хувьч­лаг­дахаас өмнө нутгийн иргэд рашааны түшээд боломжийн амьдраад байсан гэдэг. Харин хувьчлагдсанаас хойш байдал дордож байгаа талаар ярьж байсан. Та тэр тосгоны Засаг дарга байсан хүний хувьд нэгийг хэлэх байх?

Би “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” үндэсний хөдөлгөөний хангайн бүсийн зохицуулагч хийдэг юм. Манай хөдөлгөөнтэй  “Миний Монголын газар шороо”, “Гал үндэстэн” холбоо, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” гээд эх орон, газар нутгийнхаа төлөө тэмцдэг 20-иод ТББ хамтарч ажилладаг. Өнгөрсөн зун намайг Шаргалжуутад очиход, миний нэр дээр маш их гомдол ирсэн. Хамгийн ноцтой нь “Шаргалжуут” рашаан сувиллын цэвэрлэх байгууламж доголдож, ажиллагаагүй болсноос болж бохир нь шууд “Шаргалжуут” гол руу цутгаж байгааг хэлсэн. Би хүмүүсийн хэлсний  дараа очиж үзсэн. Үнэхээр тийм байсан. Маш муухай үнэртэй, ялаа шумуул бужигнаж байсан. Усны үнэр, амт огт өөр болсон байна билээ. Уг нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ байдлыг үзээд, “Шаргалжуут” компанийн үйл ажиллагааг зогсоож байсан юм билээ. Гэсэн ч  2-3 хоногийн дараа  дахиад үйл ажиллагаа явуулж эхэлдэг. Яаж тэгдэг юм бүү мэд.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өмчилж авсан учраас үйл ажиллагаагаа дур мэдэн явуулдаг гэсэн.  Нутгийн иргэд тэгж ярьдаг юм билээ?

Иргэдийн дунд тийм яриа байдаг. Н.Энхбаяр хувьчилж авсан учраас хүмүүс айдаг, торгууль тавьж байсан мэргэжлийн хяналтын байцаагч нь долоо хоногийн дотор ажлаасаа халагдаж байсан гээд л хүмүүс ярьдаг юм билээ. Н.Энхбаярынх учраас ийм байгаа юм гэж ярьдаг. Түүнд нь Монголын ард түмэн итгэчихсэн. Би “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” үндэсний хөдөлгөөний зохицуулагчийн хувиар Төрийн өмчийн хороогоор явж, хүмүүстэй уулзаад шалгасан. Тэгэхэд “Шаргалжуут” компани Н.Энхбаяр гэдэг хүнтэй ямар ч хамаагүй юм билээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгынх гээд л яриад байгаа юм  бас. Х.Баттулга сайдтай бүр ч хамаагүй. Н.Энхбаяртай яагаад холбоод байгаа юм гэхээр түүний аав Намбар гэдэг хүн насаараа Монголын рашаан судлалын хүрээлэнгийн зөвлөх хийсэн. Одоо бол өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Тэр хүний мэдэлд ямар ч рашаан сувилал байхгүй. “Шаргалжуут” компани Н.Энхбаяр гэдэг хүний нэрийг ашиглаж, аймгийн мэргэжлийн хяналтынхан болон бусад хүмүүсийг айлгаж, түүний нэр хүндийг унагаж байгаа болов уу гэж харддаг. Жил бүр энэ компанийн удирдлага солигддог. Уг нь  манай Шаргалжуутын ард түмэн рашаан сувиллаа ажиллуулаад, аваад явах бүрэн чадвартай. Манайд эмч, тогооч нар байна. Насаараа энэ рашаан сувиллаа түшээд, хүмүүсийг рашаанд оруулаад, шаврыг нь тавиад, асарч,  өөрсдөө бараг эмч болчихсон хүн олон байгаа. Тэгэхэд нутгийн ард түмнийг үй олноор нь ажлын байргүй болгож, Улаанбаатараас хүн аваачдаг. Аваачсан хүмүүс нь өндөр насны тэтгэвэрт гарчихсан, архи уудаг, шоуддаг. Улаанбаатарт гологдоод ажил олддоггүй нөхдүүд тэнд очиж байна. Тэндхийн удирдлагаар очсон хүмүүс нутгийн ард түмэнтэй маш бүдүүлэг харьцдаг. “Энэ бол манай өмч, та нар урдуур нь явах эрхгүй” гэх зэргээр дарамталдаг. Аль ч аймаг, суманд нутгийн ард иргэд цагаан идээгээ зарж амьдардаг биз дээ. Гэтэл амралтын газрын орчимд цагаан идээ зардаг олон иргэнийг хүртэл хөөж явуулж байгаа юм. Үүнээс болж нутгийн ард түмэн, компани хоёрын дунд хагарал үүсдэг. Тэр битгий хэл нутгийн иргэд хагаралдчихсан. “Шаргалжуут” рашаан сувилалд ажиллаж байгаа хүмүүс компанийнхаа талд орчихдог. Ажилгүй байгаа хүмүүс нь манай нутгийн баялгийг ашиглаж байгаа эд нар юу юм гэдэг талаас нь ханддаг. Гэтэл нөгөө компанид ажиллаж, том албан тушаал эрхэлж байгаа  хүмүүс нь нутгийнхаа ард иргэдийг ховлож, гүтгэх маягаар ажилгүй болгодог. Нэг ёсондоо нутгийн ард иргэдийг цалингаар нь дарамтлаад, өөрсдийнхөө бууны нохой болгодог гэсэн үг шүү дээ.

Та түрүүнд Баянхонгорт очиход олон санал, гомдол ирсэн гэж байсан. Бохир хальсанаас өөр асуудал юу байна?

Нутгийн ард түмэн үнэхээр бухимдалтай байгаа юм билээ. Жирийн нэг ажилтан сардаа 140 мянган төгрөгийн цалин авдаг гэж байгаа. Бохирын асуудал дээр нэмээд ярихад цэвэрлэх байгууламж эвдэрснээс хойш “Шаргалжуут” голын доор амьдарч байгаа хүмүүсийн гэдэс дотор өвдсөн гэж байгаа. Мал гаргаад идэхээр элэг, уушгин дээр нь идээтэй толбо үүссэн байсан гэсэн. Мөн иргэдийн биен дээр элдэв яр гарсан гэж байсан. Түүнээс гадна “Шаргалжуут” тосгоны 10-аад оюутан хүүхэд зуныхаа амралтаар тэр компанид ажилласан юм билээ. Гэтэл  хүүхдүүдийн цалин мөнгийг есдүгээр сар  гарчихаад байхад өгөөгүй. Яагаад өгөөгүй гэхээр, рашаан сувиллын удирдлагад орж ажиллаж байгаа нутгийн хүмүүс “Цалинг нь өгчих юм бол наадуул чинь ажил хаяна гээд байна. Тэгэхээр намар болоод, амрагч ирэхээ больтол цалингүй ажиллуулж байгаад, нэг мөсөн намар өг” гэсэн гэж байгаа. Тэр хүмүүс нойр хоолгүй ажиллаж байсан. Олон мянган хүнийг тухтай байлгах гэж шүү дээ. Бодоод үз л дээ, нэг ээлжинд 500 хүн ирнэ гэж тооцъё. Өдөрт 500 хүнд өдрийн гурван хоол хийж өгнө гээд бодохоор тогооч нар ямар хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь ойлгомжтой. Тэгээд ч манай тэнд үргэлж тог тасардаг. Тог тасарна. Байнга гал дээр хоол хийж, халуун галд шарагддаг. Үйлчлэгч нар байна. Зуны цагт дээшээ, доошоо байнга гүйнэ.  Өдөрт хэдэн зуун хүний цагаан хэрэглэл солино. Маш хүнд ажил. Эх орондоо байж боолын хөдөлмөр  эрхэлж байгаатай ялгаагүй. Тэгсэн хэр нь 100 гаруйхан мянган төгрөгийн цалин авдаг. Цалинг нь цагт нь өгдөггүй. Оюутнууд есдүгээр сарын 1-нд цалингаа авах гэхээр өгөөгүй гэсэн.  Надад хандаад, уулзаад өгөөч гэсэн. Очоод уулзах гэхээр удирдлагууд нь байхгүй байгаа юм. Үүрэг гүйцэтгэгч гээд жаахан охин байсан.  Ямар ч харьцааны соёлгүй. Тэр амрагчидтай хэрэлдэж, доромжилж байгаа, ард түмнийг элдвээр хэлж байгаа гэдэг жигтэйхэн. Үнэхээр бүдүүлэг. Дээрээс нь хоолны амт чанар гэж авах юмгүй. Насаараа тэр олон хүний хоол хийгээд, орц хэмжээг нь ягштал мэддэг тогооч нарыг бүгдийг нь халаад хаячихсан. Тэгээд Улаанбаатараас нэг тогооч аваачаад тавьчихаж байгаа юм. Нөгөөх нь хоол ундаа хийж чадахгүй байгаа.

Жил бүр рашаан сувиллын үнэ нэмэгдэж байгаа гэсэн?

Энэ жил дээд талын үнэ нь 40 мянган төгрөг болсон. Нэг хүн өдөрт амрах үнэ шүү дээ. Өнгөрсөн зун намайг очиход нутгийн иргэд эдийн засгийн багахан тооцоо хийж үзсэн байснаа танилцуулсан юм. Нэг хүн 40 мянган төгрөг гэхээ 10 хоногт 400 мянган төгрөг болно. Дээрээс нь ирж очих зардалтайгаа нийлээд 10 хоног амрахын тулд 500 мянган төгрөг зарж байна. Тэгсэн хэр нь амралтын газрынхан олигтой үйлчилдэггүй. Харьцаа муутай, амтгүй, хөрсөн хоолоор үйлчилдэг гээд гомдол тасардаггүй. Нутгийн ард түмэн манай хөдөлгөөнд хандаж, маш их гомдол тавьсан. Тэр бүхнийг бид шалгаж байгаа. Удахгүй тэмцэл хийхээр бэлтгэж  байна. Өмнөговь аймгийн удирдлагууд нутгийн иргэддээ сар бүр 200 мянган төгрөг өгдөг гэсэн. Яг үүнтэй адил “Шаргалжуут” компанийнхан манай Баянхонгор аймгийн байгалийн баялгийг ашиглаж байгаа учраас нутгийн иргэд энэ компаниас хишиг нэхнэ. Хамгийн багадаа бодоход сар бүр 50 юм уу 100 мянган төгрөг авахыг хичээнэ. Шаргалжуут тосгон 1800-хан хүн амтай. Тиймээс нутгийн хишиг нэхнэ, энэ асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина.

Манай сонин дээр “Шаргалжуут” компанийн тухай бичсэний дараа удирдлагууд нь хэвлэлийн хурал хийж, манайх нэг их ашиг олдоггүй, тэр дундаа сонин дээр бичсэнээс болж алдагдалд орсон гэж мэдэгдэж байсан?

Байнга ингэж муу амалж болохгүй. Би түрүүнд эдийн засгийн тооцоог дурьдсан. “Шаргалжуут”-д жилд 5-6 мянган хүн чөлөөтэй ирдэг. Гэтэл тэднийх 3000  гэж татвараа төлдөг гэж байгаа юм. За яах вэ, 3000-аар  бодъё. Нэг хүн 40 мянгаар амрахад 10 хоногт 400 мянга. 400 мянгыг 3000-аар  үржүүлэхээр  12 тэрбум болж байгаа биз.  Хэрвээ ашиггүй байсан бол тэд нар ажиллуулахгүй байсан байлгүй. Хэрвээ ашиггүй бол болиоч, ард түмэн авъя л даа. Угаасаа “Шаргалжуут” рашаан сувиллын хувьчлал асар их “но”-той явагдсан. Тухайн үедээ Төрийн өмчийн хороо 650 сая төгрөгөөс дуудсан. Тендерт 12 компани өрсөлдөж байсан. Гэтэл гэнэт үнэгүйдүүлээд 190-хэн сая төгрөгөөр  зарсан байдаг. Яаж үнэлэхээрээ ийм хямдхан авсан байдаг юм  бүү мэд. Дээрээс нь Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоод, хүмүүсийг айлгаад байдаг. Би Н.Энхбаяр даргатай биеэрээ уулзаад асуусан чинь “Үнэхээр минийх юм бол танд бэлэглэчихье. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалж байгаа ажлаа өргөжүүл. Тэр компанийн захирлынх нь өрөөнд ороод “Н.Энхбаяр гуай надад сувиллаа өглөө. Та нар одоо явдаа гээд ав” гэж хэлж байсан.

Сая “Шаргалжуут” компа­нийнхан хурал хийсэн гэд­гийг дээр дурьдсан. Тэгэх­дээ манай бохирын систем зүгээр. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй хувийн байгууллага бий. Тэдний бохир хальж орсон гэж байсан. Үнэхээр тийм юм уу?
“Шаргалжуут” компанийн бүх байшин барилга бохирын системд холбогдсон. Тэр бүхэн тухайн компанийн өөрийнх нь л өмч. 20-иод аж ахуй нэгж байхгүй. Ганц хоёр ТҮЦ, амрагчдад банштай цай чанаж өгдөг хэдхэн жижигхэн гуанз байгаа. Тэд бохирын төвлөрсөн системд холбогдоогүй шүү дээ. Бүгд муу усны нүхтэй, гадаа ухсан жорлонтой. Голын нөгөө талд “Ганууд” гэдэг хувийн эмнэлэг байгаа. Тэднийх ч гэсэн муу усны нүхтэй, гадаа 00-тэй. Тэгээд ч манай нутгийн ард түмэн гол руугаа бохироо хийх нь битгий хэд сүү цагаан идээгээ ч хийхийг цээрлэдэг. Юун баас, шээс хийх.
Н.Пунцагболд   www.mminfo.mn

No comments:

Post a Comment