Monday, September 17, 2012

Д.БҮРНЭЭ: Шаргалжуут эрүүл мэндийн төлөө газар болохоос мөнгөний төлөө байгууллага биш

Д.Бүрнээ эмч гэхээр Шаргалжуутын халуун рашааныг зорьсон хэн бүхэн андахгүй. Тэрбээр сүүлийн 20 гаруй жилийнхээ ажил амьдралыг энэ рашаантай холбож, олон мянган хүнийг анагаасан алтан гартай эмч. 2000 онд Шаргалжуутын халуун рашааны ордыг түшиглэн уламжлалт анагаах ухааны  “Ганууд” хувийн эмнэлгийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл удирдаж байна. Д.Бүрнээ эмч их ажлынхаа хажуугаар  “Шаргалжуут” эрдэм шинжилгээний  бүтээлийг туурвисан судлаач хүн.  Түүнтэй Шаргалжуутад үүсээд  байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.  
Шаргалжуутын  эмч нар холоос ирсэн хүмүүсийг рашаан таарахгүй нэрийдлээр буцааж байхаар мэдэхгүй, чадахгүй байгаагаа хэлэх зоригтой, ёс зүйтэй байх хэрэгтэй

Шаргалжуутын рашааныг  дэлхийд хосгүй гэж  ярьдаг. Ямар учраас ийн үнэлэгдэх болов?
Би дэлхийн улсуудын адил төстэй рашаануудыг очиж үзсэн, энэ чиглэлээр мэргэшсэн эмч хүн. Шаргалжуут шиг  мөгөөрсөн хоолойн багтраа, уушиг, харшил, иод дутал, үе гишүүн, зүрх судас, элэг цөс,  нарийн бүдүүн гэдэс, оюун ухааны гээд бүх төрлийн өвчинд зориулагдсан ийм олон төрлийн рашаан өөр хаана  ч байхгүй. Ямар ч өвчнийг анагаах увидастай. Эмийн бус эмчилгээ, Монголын уламжлалт эмчилгээний аргуудтай маш сайн тохирдгоороо Шаргалжуут хосгүй рашаан.

Шаргалжуут хувьчлагдсанаас хойш рашаан усыг тойрсон олон сөрөг асуудал гарч, ширгэх дээрээ тулаад байгаа талаар энд таарсан хүн бүр л ярьж байна. Энэ талаар эндэхийг арван хуруу шигээ мэдэхийн хувьд тань хувиар танаас тодруулъя гэж зорьж ирлээ?

Хүмүүсийн хэлж ярьж байгаа оргүй зүйл биш. Шаргалжуут рашаан сувиллыг хувьчлагдсанаас хойш бид байдлын ажиглаж 5, 6 жил боллоо. Энэ компани тодорхой зорилгоор л хувьчилж авсан байж таарна. Хүний эрүүл мэндийн төлөө, илүү хөгжүүлэх зорилгоор авсан байх гэж итгээд бид маш хүлээцтэй хандсан. Шаргалжуут илүү хөгжиж, үүнийг дагаж иргэдийн амьдрал ахуй дээшлэх болов уу  гэж итгэсэн.  Гэтэл байдал яг эсрэгээрээ болж, ноднин уржнангаас эхлээд дуугарахгүй бол болохоо байсан. Яагаад вэ гэвэл,  энд ажиллаж амьдарч байгаа иргэдийг тогтвор суурьшилтай ажиллуулдаггүй. Өөрсдийнх нь эсрэг үг хэлдэг, үзэл бодол нийлдэггүй хүмүүстэй хамтарч ажилладаггүй. Он удаан жил ажилласан, танил тал ихтэй учраас энэ рашаанд хүн оруулж байна гэх гэх мэт элдвийн шалтгаанаар халах нь газар авсан. Ялангуяа  энэ жил манай иргэдийн ихэнх нь ажилгүй болсон.


Та бүхэн энэ асуудлаар “Шаргалжуут” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, хүсэлт тавьсан уу?

Тавилгүй яахав. Сүүлийн хоёр жил  иргэдийн хуралд энэ компанийн төлөөллийг ирүүлж,  ард иргэдтэй уулзуулах саналыг Засаг дарга Болдбаатараар дамжуулж удаа дараа тавьж байсан. Мөн хувийнхаа зүгээс ч олон удаа санал тавихад нэг ч хүн ирж хуралд ороогүй. Иргэд маш их бухимдаж байна.  Түрүүчийн иргэдийн хурал дээр нутгийн иргэд “Тэр шил толь болсон юмаа аваад зайлдаг юм байгаа биз” гэж хөөх янзтай хэлж байсан. Саяхан Содоо гэдэг хүн удирдаж байна гэж дуулаад аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөгчид бид хуулийн дагуу ярья, хөөрье, зохицъё гэж  орж уулзсан. Содоо менежертэй яриад сууж байтал таныг ярья гэж байна гээд утсаа өгсөн. Гэтэл энэ компанийг удирдаж байгаа ухаантай Чулуунцэцэг “битгий хүн үймүүл” гэж утсаар загнаж байгаа юм.  Тэр сум орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөл, дарга нартай ерөөсөө уулздаггүй гэж байгаа. Дууддаг ч ирдэггүй. Би энэ нутагт ажиллаж амьдардаг хүний хувьд,  нөгөө талаар эндэхийн иргэдийг иргэдийн хуралд төлөөлж буй хүний хувьд үгээ хэлэх, иргэдийг үгийг дамжуулах ёстой.

Эндэхийн эмч нарыг рашаанаа сайн мэддэггүй. Эмчилгээ чанаргүй байна гэж амрагчид гомдоллохтой олон таарлаа. Та Шаргалжуутаар мэргэшсэн хүний хувьд юу гэж үзэж байна?

Эдний рашаан сувиллын нэр хүнд ямар байх нь миний нэр хүндэд ч нөлөөлнө. Эндэхийн ерөнхий эмч Дуламхүүг халагдчихаад, гуйгаад салахгүй байхаар нь “Чи хүрээд ир, би чамд тусалъя” гээд өөрийнхөө бичсэн номыг өгч, хоёр цаг хэртэй дэргэдээ суулгаад,  “чи ядаж рашаанаа зөв биччих” гээд нэгд нэгэнгүй хэлж өгсөн. “Ийм ноцтой асуудлууд гардаг юм шүү” гээд анхаарвал зохих бүх зүйлийг зааж өгсөн. Өнөөдөр  хүний оюуны бүтээл ямар үнэтэй билээ. Ард түмнийхээ сайн сайхны төлөө зааж өгсөн. Үнэхээр нэр хүнд хөөцөлдөөд, тэдэнтэй шөргөөцөлдөөд явсан бол тэгэхгүй шүү дээ. Энд жил бүр рашаан сувиллаар мэргэшсэн мэргэшээгүй янз бүрийн эмч нар солигдож ирдэг. 1952 онд эрдэмтэд энэ рашааныг судалж, ямар рашаан юунд зориулагдсаныг шинжилж,  хаягжуулсан. Тэр судалгаанд орсон хаягийг солих эрх хэнд ч байхгүй. Гэтэл Хүрэн цорготын рашааныхыг өөр рашаан дээр тавьчихсан байсан. Үгүй мөн зоригтой ажил шүү. Үе мөч боож, шавшдаг рашааныг өдөрт 200 граммаар уухаар бичээд өгчихсөн байх жишээтэй.

Та Эрдэнэцогт сумын иргэдийн хурлын төлөөлөгч юм байна. Нутгийн иргэд рашаан усаа хамгаалсан хөдөлгөөн өрнүүлэх гэж байгаа гэж бас сонслоо?

Энэ компани сувиллын байрыг хувьчилсан байтал бүх нутгийг өмчлөөд авсан мэт авирладаг. Нутгийн иргэд хамтын нөхөрлөл, хоршоолол байгуулаад рашаан усаа өөрсдийн мэдэлд авъя, хайрлан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээе гэдэг дээр санал нэгтэй байгаа. Шаргалжуут тосгоны  оршин суугчид рашаан хувьчлагдсанаас хойш рашаандаа орж чадахаа больсон. Мөнгийг нь төлөөд оръё гэхээр үнийг нь дийлдэггүй. Шаргалжуутын долоон ам есөн тахилга маш догшин. Гэтэл тэнд хогийн сав бариад, элдвийн зүйл шатааж байна. Рашааны тархин дээр зурагтын антен зоосон. Бид Шаргалжуут ямар хууль эрхзүйн хүрээнд, хэрхэн хувьчлагдав, тендерийг хэн хариуцаж явуулсан бэ, энэ компани ямар үнээр авсан, Чулуунцэцэг ямар мэргэжил боловсролтой хүн бэ, тэр хувьчлалд хэрхэн оролцов гэдгийг шалгуулах хүсэлтэй байна. Мөн энэ компани Шаргалжуутыг хувьчилж авснаас хойш Баянхонгор аймагт ямар хэмжээний татвар төлөв   гэдгийг шалгаж,  ил болгож өгөхийг холбогдох газруудаас хүсч байгаа юм.

Шаргалжуут улсын онцгой бүс. Хууль хяналтын байгууллагуудаас шалгалт ирдэг биз дээ?

Шаргалжуут хүний эрүүл мэндийн төлөө газар болохоос мөнгөний төлөө байгууллага биш. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт уг нь ирээд л байдаг. Гэтэл Шаргалжуут голыг бузарлаж байгаа бохир нүдэнд нь яагаад тусдаггүйг ер ойлгодоггүй. Амралтын байран дотор байгаа гял цал шилийг хараад хууртана гэж баймааргүй юм. Эрүүл мэндийн яамны иргэдийн хүсэлтийг хүлээн авдаг утас руу удаа дараа саналаа хэлсэн. Иргэдийн бухимдал туйлдаа хүрч байна. Нутгийн иргэд энэ бүхнийг харж бүтэн таван жил хүлээлээ. Энд дураараа газар ухаж, элдвийн юм барих бол энгийн асуудал болсон. Энэ компанийн удирдлагуудад ямар ч хууль үйлчлэхгүй байна. Өчнөөн төчнөөн мөнгө төгрөг төлж ирсэн хүнийг рашаан таарахгүй гээд буцааж байна.

Таны үед өвчтөн буцааж байсан тохиолдол гарч байв уу?

Бид 1000 гаруй үйлчлэглүүлэгчтэй байхдаа ч хүн буцааж үзээгүй. Шаргалжуут дэлхийд гайхуулж мандаж явсан үе бий. Д.Гунгаа, Д.Адьяа, Норжин эмч бидний  үед хүн буцаах нь бүү хэл сэхээнд орох дээрээ тулсан өвчтөнийг анагаагаад явуулдаг байсан. Үүнийг түмэн мэднэ. Миний эдгээсэн мянга мянган өвчтөн батална. Энэ сувилалд ажиллах хугацаандаа 60 гаруй мянган хүнийг сэхээсэн. Өөрийгөө олны танил гэж хэлэхгүй ч  би  түм буман хүнд амьдрал бэлэглэсэн.  Шаргалжуутын одоогийн эмч нар холоос ирсэн хүмүүсийг рашаан таарахгүй нэрийдлээр буцааж байхаар мэдэхгүй, чадахгүй байгаагаа хэлэх зоригтой, ёс зүйтэй байх хэрэгтэй. Шаргалжуут ядарсан хүмүүст үйлчлэхгүй. Өрөөл татуу хүүхэдтэй, нүдэнд эвгүй харагдсан хүнийг гадуурхана. Хүмүүс Д.Бүрнээ эмч хаана байна гээд сураглаад очихоор хажууханд нь мөрөөрөө ажлаа хийгээд,  хүмүүст үйлчлээд явж байгаа намайг “Тийм хүн танихгүй, мэдэхгүй” гэдэг. Үхсэн гэж хэлэх нь холгүй.

Та бүхэн цаашид яая гэж бодож байна?

Бид энэ асуудлаар иргэдийн хурал хийх гэж байна. Өндөр настнууд суулт хийнэ гэж байгаа. Хэвлэл мэдээллийнхнийг бүгдэнг нь нутагтаа урьж, орон даяар энэ асуудлыг гаргая гэж иргэд хэлж байна. Нутгийн иргэдийг толгой дараалан халсаар одоо хуруу дарам цөөн хүн үлдлээ. Өөрсдөө энд тэндээс авчирсан хүмүүсээ ч тогтвор суурьшилтай ажиллуулдаггүй. “Шаргалжуут” ХХК-ийн удирдлагууд өөрсдөө ч тогтвортой ажилладаггүй. Үзэгдэхээсээ үзэгдэхгүй нь их. Хэн ч хамаагүй хүн авчраад эндэхийн ажлаа хариуцуулчихдаг. Нөгөөдүүл нь тусгай хамгаалалттай бүсэд газар шороо ухах, цооноглох, хогийн цэг барих гэх мэт зүй бус үйлдлийг дураараа хийдэг. Рашаан хувьд гараагүй байхад орон нутгийн иргэд, аж ахуй нэгжид тэгш үйлчилдэг байсан. Гэтэл одоо байгаа хүмүүс тэдэнд үйлчлэх нь бүү хэл ажилчдаа элдвээр хардаж, амрагчдын ая тухтай байдлыг алдагдуулж байна. Энэ бол ямар ч хууль дүрэмд захирагддаггүй эндэхийн удирдлагын ёс зүйтэй шууд холбоотой.

Н.ПУНЦАГБОЛД

No comments:

Post a Comment