Tuesday, June 19, 2012

Мөнхбатын Уранцэцэг: ”Би олимпоос медаль авч ирнэ л гэж бодож байгаа”

Жүдогийн улсын шигшээ багийн шилдэг тамирчны нэг нь Мөнхбатын Уранцэцэг. Жүдо бөхийн төрлөөр хичээллээд төдийлөн удаагүй богиновтор намтартай нэгэн. Харин улс орондоо төдийгүй тив, дэлхийн тэмцээнд үзүүлсэн амжилт нь хэнээс ч дутахааргүй. Тиймдээ "Лондон-2012" олимпийн наадамд зодоглохоор болсон юм. Түүнтэй ярилцлаа.


Олимпод оролцох ховорхон хувь заяаны эзэн болсонд баяр хүргэе!

Баярлалаа.

Миний дүү аль нутгийн хүн бэ?
Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн.

Бөх болох багын хүсэлтэй байв уу. Удамд чинь бөх хүн байсан юм уу?
Удмын шинж чанар надад хэр наалдсаныг хэлж мэдэх юм алга. Харин манай аавын тал бөхийн удамтай. Эрчүүд голдуу барилддаг хүмүүс юм билээ. Аав Мөнхбатын хувьд үндэсний бөхөөр барилдаж аймгийн начин цол авсан. Тэгээд ч тэр үү би багаасаа л барилдаж, ноцолдож өссөн дөө. Сургуульд байхдаа ангийнхаа банди нартай хүртэл барилдчихна. Бас ч үгүй бооцоотой үзнэ гэж байгаа. Бооцоогоо авч хөөрхөн хэдэн төгрөгтэй болчихно. Яагаад ч юм, барилдах л дуртай байж.

Тэр чигээрээ л явсаар, барилдсаар жүдоч болсон байхнээ дээ?
Уг нь боксын тамирчин болох хүсэлтэй байлаа. Баянхонгороос ирж нийслэлийн 38 дугаар сургуульд орсон. Жаахан охин спортын төв ордноор явамхай. Сайндаа ч биш бокс хаана нь тоглодог юм сонирхоод л... Гэтэл боксын заал нь засвартай хэн ч байхгүй. Засвар нь хэзээ дуусах юм бол гэж өдөр бүр очиж харна. Тэгээд нэг өдөр явж байгаад жүдогийн тамирчдын бэлтгэлийн үеэр таарав. Нэг л гоё юм шиг. Барилдаж болмоор ч юм шиг санагдсан даа.

Tuesday, June 5, 2012

Б.Эрдэнэсувд: Хөдөө орон нутагт багшлаад Спартакадын аварга авч байсан түүх байгаагүй юм байна лээ.

Улсын болон олон улсын уралдаан тэмцээнээс Баянхонгор аймгийн теннисний спортын баг тамирчид гар хоосон ирдэггүй. Жил ирэх тусам тамирчдын чанар чансаа сайжирч, аймаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчдын амжилт нь дасгалжуулагчийн арга барил, чадвараас шууд хамааралтай байдаг. Баянхонгор аймгийн БТСГ-ын теннисний дасгалжуулагч багш, Спортын мастер Б. Эрдэнэсувдтай ярилцлаа. 

Баянхонгор аймгийн Теннисний спортын баг тамирчдын сүүлийн үеийн амжилтаас ярилцлагаа эхэлье? 
Амжилт бүтээл арвин байгаа шүү. Манай аймгийн хувьд түүхэндээ анх удаа Лигийн тэмцээнд хөдөө орон нутгаас баг бүрдэж орсон. Мөн теннисний холбооны цомын тэмцээнд манай тамирчин Б.Сийлэгмаа гуравдугаар байр, би өөрөө насанд хүрэгчдийн төрөлд гуравдугаар байрт шалгарсан. Нэг бүрчилсэн чансаагаар дөрөвт орж Монголынхоо топ тавд багтлаа. Саяхан Хөвсгөл аймагт бүсийн тэмцээнээс эмэгтэй баг хоёрдугаар байр, нэг бүрчилсэн төрөлд би алтан медаль, дан хосоороо спортын дэд мастер Ё.Нямдулам, Б.Эрдэнэсувд миний бие аварга болсон. Миний хувьд нэг бүрчилсэн төрөлд Монголын бүх ард түмний XIII спартикадын аварга авсан. Энэ нь анх удаа хөдөө орон нутгаас нэг бүрчилсэн төрөлд түрүүлсэн тамирчин болсон. Спартикад гэдэг чинь дөрвөн жилд ганц удаа болдог нэг ёсондоо Монголын олимп юм. Аймгууд өөрсдийнхөө нэр дээр баг тамирчид худалдаж аваад тоглуулж аварга болж байсан болохоос хөдөө орон нутагт багшлаад авч байсан түүх байгаагүй юм байна лээ.

Германы Дортманд хотноо болсон дэлхийн аваргын тэмцээнд Монголын баг тамирчид ямар амжилттай оролцов?
Монгол Улсын шигшээ багийг төлөөлж ХБНГУ-ын Дортманд хотноо болсон 52 дах удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай эмэгтэй багаас улсын хэмжээний мастер Батхишиг, спортын дэд мастер Анх-Эрдэнэ, спортын мастер Энхжин, Б.Эрдэнэсувд /Баянхонгор/ бид хэд оролцоод ирлээ. Эрэгтэй багаас ОУ-ын хэмжээний мастер Алтантулга, спортын мастер Лхагвасүрэн, спортын дэд мастер Баатарсүрэн, Билэгт, Батдэлгэр гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон. Ерөнхийдөө зоондоо таван улстай тоглосон. Миний хувьд дөрөв дэх удаагаа дэлхийн аваргад орж байна. Өмнөх дэлхийн аваргад очихдоо тамирчин гэдэг утгаараа тоглож яваад л ирдэг байсан бол энэ удаагийн дэлхийн аваргаас их зүйлийг сурч мэдлээ. 

Өөрийг чинь өөр газар руу урилгаар явж магадгүй гэсэн яриа байна? 
Анх сургуулиа төгсөхөд Орхон аймаг дасгалжуулагч багшаар ажилаач ээ гэсэн хүсэлт тавьж байсан. Аймагтаа ажиллах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн ирж өдгөөг хүртэл амжилттай ажиллаж байна. Саяхан спартикадын аварга болчихоод зогсож байхад Орхон аймгийн удирдлагууд болон багш нар нь чи хэрвээ манай аймгийн нэр дээр Монголын бүх ард түмний XIII спартикадад аварга болсон бол хоёр өрөө байр ч юмуу, өөр амьдрах нөхцөлийг чинь бүрдүүлэх илүү боломж байсан шүү гэж байсан. Танай аймгийнхан яах юм бол харъя гэж ам асуусан байдалтай хэлж байсан. Харин тэдэнд би, “Хэрвээ Баянхонгор аймгийнхаа нэр дээр тоглоогүй байсан бол аварга болоо ч үү, үгүй ч үү” гэж л хэлсэн. Өсч төрсөн өлгий нутгийн минь уул ус түшсэн байх гэж боддог. Энэ мэтчилэнгээр нэлээд хэдэн газар санал тавьсан. Миний хувьд одоохондоо өөр газар явъя гэсэн бодол байхгүй. Шавь нар маань их чадварлаг тоглодог болсон учраас хүүхдүүдээ орхиж явах бодолгүй байна. 

Ер нь теннисний спортыг БТСГ болон аймаг орон нутгаас хэр дэмждэг вэ? 
Манай аймгийн Төр захиргааны байгууллага ширээний теннисний спортыг ихээхэн дэмждэг. Тэр ч утгаараа бид амжилттай яваа гэж боддог. Манай аймгийн хувьд спортын мастер Д.Энхбаатар багшийг урилгаар авчирч ажиллуулсан нь теннисний спортод амжилт гаргах, хөгжихөд ихээхэн нөлөөлсөн байдаг юм. Тэр цагаас хойш Баянхонгор аймгийн баг тамирчид улсдаа дээгүүр тоглох болсон. Цаашдаа ч энэ эрч хүчээрээ байна гэдэгт итгэлтэй явдаг. 2011 оны Үндэсний Лигийн тэмцээнд Баруун бүсийн худалдааны төвийн захирал С.Баярмагнай 2,5 сая төгрөгөөр биднийг ивээн тэтгэж байсан бол саяхан дэлхийн аваргад явахад ЗДТГ-аас 2,4 сая төгрөг, бүсийн болон бүх ард түмний XIII их наадамд оролцоход аймгийн БТСГ-аас зардал мөнгө бүх зүйлээр хангасан. 

Ойрын хугацаанд теннисний спортын ямар тэмцээнүүд болох гэж байна. Тамирчдын бэлтгэл хэр байгаа вэ? 
Энэ сарын 26-29-ний хооронд Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд ерөнхийдөө баг тамирчид бэлтгэл сургуулилтдаа гарчихсан. Бага насны эмэгтэй дөрөв, эрэгтэй найм, ахлах насны эрэгтэй гурав, эмэгтэй дөрөв гээд 18 тамирчны бүрэлдэхүүнтэй энэ тэмцээнд багаараа оролцохоор бэлтгэл хийж байна. Миний хувьд 2011 оноос хойш 2012 оны эхний улиралд тэмцээн уралдаанд ороод бэлтгэл бага зэрэг тасарсан байгаа. Тийм учраас бэлтгэлээ нэлээд эрчимтэй хийж эхлээд байна. Тэмцээндээ амжилт гаргана гэдэгтээ итгэл дүүрэн байгаа.

Sunday, August 21, 2011

"Их богд аялал-2011" аялал боллоо.

Баянхонгор аймгийн аялал жуулчлалын нөөц газруудыг таниулан сурталчилах дотоод гадаадын жуулчдыг татах зорилгоор аймгийн БОАЖГазар, Лувсанданзанжанцан холбоо, ИББЦГХЗ, БТСГ, Баянхонгор телевиз зэрэг байгууллагууд хамтран 2011 оны 08 дугаар сарын 08-13-ны хооронд “ИХ БОГД АЯЛАЛ-2011” аялалыг зохион байгууллаа.
Аялалд УБ хотоос Баянхонгор аймгийн уугуул спортын ахмад тамирчин Я.Цэрэндулам, Б.Бадрууш, С.Бадарч, Г.Долгорханд, Ц.Дангаа болон БОАЖГазрын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Содномсамдан, Лувсанданзанжанцан холбооний тэргүүн Г.Энхбаатар, Б.Наранбаяр, Д.Бүдрагчаа, ИББЦГХЗахиргааны байгаль хамгаалагч С.Батсуурь, ШУТИС-ийн НТС-ийн аялал жуулчлалын менежментийн ангийн оюутан Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо. ИББЦГХЗахиргааны даргын батлуулсан маршрутын дагуу аялал явагдсан бөгөөд нийт 13 газруудын цэг солбилцолыг тогтоож телевизийн бичлэг хийлээ.

Monday, August 1, 2011

“Их Богд аялал 2011” адал явдалт аялалд урьж байна.


Баянхонгор аймгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газруудыг сурталчилах, судалгаа шинжилгээ хийж мэдээллийн сан бүрдүүлэх, дотоод гадаадын жуулчдыг татах, аймгийнхаа түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор УТХГНутаг Баянхонгор аймгийн Их Богд ууланд Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Лувсанданзанжанцан холбоо хамтран “ИХ БОГД АЯЛАЛ -2011” Адал явдалт аялалыг зохион байгуулах гэж байна. Аялал 2011 оны 08 дугаар сарын 08-аас эхлэн 5 өдрийн туршид үргэлжилнэ.
 
Аялагчид Их Богд Ууланд орших байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газрууд болох Оюу, Номин нуур, Цонж, Ичээтийн рашаан, Пунцаг овоо, 3 чавганцын ангал, Ширээгийн бичигт хад, Хүрэмтийн тогоо зэрэг нийт 18 газрыг үзэж сонирхоно Хонгор нутгийнхаа гайхамшиг болсон Их Богд уултай танилцах сонирхолтой эрхэм аялагч та бүхнийг “ИХ БОГД АЯЛАЛ -2011” аялалд урьж байна. 

Sunday, July 31, 2011

Баянхонгорт төрийн шагналын хур буулаа

Баянхонгор аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хурал өчигдөр /07.30/ болж, хонгор нутгаас төрөн гарсан алдартнууд, хүндэт зочид болон нутгийн зон олон оролцлоо. Ламын гэгээн Лувсанданзанжанцангаас эхлээд хэл шинжлэлийн ухааны нэрт эрдэмтэн Лувсанвандан, Ардын уран зохиолч Т.Галсан, доктор, соёлын гавьяат зүтгэлтэн С.Дулам нарын алдартнууд энэ нутгаас төрөн гарчээ. Хонгор нутаг Улсын баатар нэг, хөдөлмөрийн баатар 21, гавьяат цолтон 108, генерал хоёр зэрэг олон алдартантай. Олон түүхэн тэгш ой давхцаж буй энэ цаг үед тус аймаг дөрвөн шинэ гавьяат цолтноо өлгийдөж авсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар дөрвөн хүний хөдөлмөр, бүтээлийг үнэлж гавьяат цол олгосныг төрийн түшээд болон аймгийн удирдлагууд энэ хурлын үеэр гардууллаа. Гавьяат багш цолоор Баянхонгор МСҮТ-ийн захирал Ш.Чимгээ, гавьяат тээвэрчин цолоор аймгийн иргэн Д.Сономдорж, гавьяат холбоочин цолоор Баянхонгор аймгийн Цахилгаан холбооны инженер Д.Болд, гавьяат малчин цолоор өндөр настан Дэндэв нар шагнуулж, нутгийнхаа гавьяат цолтны тоог 108-д хүргэсэн юм. 
Мөн Алтангадас одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль болон Баянхонгор аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн медалиар олон хүн энгэрээ мялааж, хонгор нутгийнханд төрийн шагналын хур буулаа.
Эл түүхэн ойдоо зориулж тус аймгийнхан 14 тэрбум төгрөгөөр 108 бүтээлч ажил хийжээ. Үүний нэг болох усан оргилуурт цэцэрлэгт хүрээлэн, Улсын баатар Н.Жамбаагийн хөшөөг аймгийн төр захиргааны ордны өмнөх талбайд сүндэрлүүлсэн юм.

А.Зул
Эх сурвалж: http://local.news.mn/content/75793.shtml

Tuesday, July 12, 2011

Хонгор нутгаас Улсын Начин төрлөө.

Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Баянхонгор аймгийн арслан Ж.Чулуунбат 5 давж Улсын начин цол хүртлээ!
Энэ жил манай аймгаас улсын наадамд урьд жилүүдийнхээс олон бөх барилдсан бөгөөд нутгийн бөхчүүд "Их богд" бөхийн дэвжээ байгуулж бэлтгэл сургуулилтаа нилээд сайн хангасан байв.
Аймгийн 70н жилийн ой сайхан болох байхаа.

Friday, May 20, 2011

Баянхонгор миний нутаг

Үг: Д.Сосорбарам
Ая: Т.Ганболд
 
Хөх Монголын амин тасархай
Хонгор нутгийн түмэн минь
Алт эрднэсээр элбэг баян
Амьдрал тэмцлээр дүүрэн хийморь
Байгаль дэлхийн үзэсгэлэнт өлгий
Баянхонгор миний нутгаа
Ус агаар нь насан дэлгэрсэн
Уран байгалийн өнгө нь алгалсан
Түмэн олноо ариусган ундаалсан
Түй, байдраг, шаргалжуут рашаан
Байгаль дэлхийн үзэсгэлэнт өлгий
Баянхонгор миний нутгаа
Мөнх тэнгэрийн нарны цацрага доор
Хүмүүн заяаны сэтгэл нь цагаахан
Тал хангай говь газартаа
Тавилан төөргийн жам нь гэгээхэн
Байгаль дэлхийн үзэсгэлэнт өлгий
Баянхонгор миний нутгаа