Tuesday, June 5, 2012

Б.Эрдэнэсувд: Хөдөө орон нутагт багшлаад Спартакадын аварга авч байсан түүх байгаагүй юм байна лээ.

Улсын болон олон улсын уралдаан тэмцээнээс Баянхонгор аймгийн теннисний спортын баг тамирчид гар хоосон ирдэггүй. Жил ирэх тусам тамирчдын чанар чансаа сайжирч, аймаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчдын амжилт нь дасгалжуулагчийн арга барил, чадвараас шууд хамааралтай байдаг. Баянхонгор аймгийн БТСГ-ын теннисний дасгалжуулагч багш, Спортын мастер Б. Эрдэнэсувдтай ярилцлаа. 

Баянхонгор аймгийн Теннисний спортын баг тамирчдын сүүлийн үеийн амжилтаас ярилцлагаа эхэлье? 
Амжилт бүтээл арвин байгаа шүү. Манай аймгийн хувьд түүхэндээ анх удаа Лигийн тэмцээнд хөдөө орон нутгаас баг бүрдэж орсон. Мөн теннисний холбооны цомын тэмцээнд манай тамирчин Б.Сийлэгмаа гуравдугаар байр, би өөрөө насанд хүрэгчдийн төрөлд гуравдугаар байрт шалгарсан. Нэг бүрчилсэн чансаагаар дөрөвт орж Монголынхоо топ тавд багтлаа. Саяхан Хөвсгөл аймагт бүсийн тэмцээнээс эмэгтэй баг хоёрдугаар байр, нэг бүрчилсэн төрөлд би алтан медаль, дан хосоороо спортын дэд мастер Ё.Нямдулам, Б.Эрдэнэсувд миний бие аварга болсон. Миний хувьд нэг бүрчилсэн төрөлд Монголын бүх ард түмний XIII спартикадын аварга авсан. Энэ нь анх удаа хөдөө орон нутгаас нэг бүрчилсэн төрөлд түрүүлсэн тамирчин болсон. Спартикад гэдэг чинь дөрвөн жилд ганц удаа болдог нэг ёсондоо Монголын олимп юм. Аймгууд өөрсдийнхөө нэр дээр баг тамирчид худалдаж аваад тоглуулж аварга болж байсан болохоос хөдөө орон нутагт багшлаад авч байсан түүх байгаагүй юм байна лээ.

Германы Дортманд хотноо болсон дэлхийн аваргын тэмцээнд Монголын баг тамирчид ямар амжилттай оролцов?
Монгол Улсын шигшээ багийг төлөөлж ХБНГУ-ын Дортманд хотноо болсон 52 дах удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай эмэгтэй багаас улсын хэмжээний мастер Батхишиг, спортын дэд мастер Анх-Эрдэнэ, спортын мастер Энхжин, Б.Эрдэнэсувд /Баянхонгор/ бид хэд оролцоод ирлээ. Эрэгтэй багаас ОУ-ын хэмжээний мастер Алтантулга, спортын мастер Лхагвасүрэн, спортын дэд мастер Баатарсүрэн, Билэгт, Батдэлгэр гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон. Ерөнхийдөө зоондоо таван улстай тоглосон. Миний хувьд дөрөв дэх удаагаа дэлхийн аваргад орж байна. Өмнөх дэлхийн аваргад очихдоо тамирчин гэдэг утгаараа тоглож яваад л ирдэг байсан бол энэ удаагийн дэлхийн аваргаас их зүйлийг сурч мэдлээ. 

Өөрийг чинь өөр газар руу урилгаар явж магадгүй гэсэн яриа байна? 
Анх сургуулиа төгсөхөд Орхон аймаг дасгалжуулагч багшаар ажилаач ээ гэсэн хүсэлт тавьж байсан. Аймагтаа ажиллах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн ирж өдгөөг хүртэл амжилттай ажиллаж байна. Саяхан спартикадын аварга болчихоод зогсож байхад Орхон аймгийн удирдлагууд болон багш нар нь чи хэрвээ манай аймгийн нэр дээр Монголын бүх ард түмний XIII спартикадад аварга болсон бол хоёр өрөө байр ч юмуу, өөр амьдрах нөхцөлийг чинь бүрдүүлэх илүү боломж байсан шүү гэж байсан. Танай аймгийнхан яах юм бол харъя гэж ам асуусан байдалтай хэлж байсан. Харин тэдэнд би, “Хэрвээ Баянхонгор аймгийнхаа нэр дээр тоглоогүй байсан бол аварга болоо ч үү, үгүй ч үү” гэж л хэлсэн. Өсч төрсөн өлгий нутгийн минь уул ус түшсэн байх гэж боддог. Энэ мэтчилэнгээр нэлээд хэдэн газар санал тавьсан. Миний хувьд одоохондоо өөр газар явъя гэсэн бодол байхгүй. Шавь нар маань их чадварлаг тоглодог болсон учраас хүүхдүүдээ орхиж явах бодолгүй байна. 

Ер нь теннисний спортыг БТСГ болон аймаг орон нутгаас хэр дэмждэг вэ? 
Манай аймгийн Төр захиргааны байгууллага ширээний теннисний спортыг ихээхэн дэмждэг. Тэр ч утгаараа бид амжилттай яваа гэж боддог. Манай аймгийн хувьд спортын мастер Д.Энхбаатар багшийг урилгаар авчирч ажиллуулсан нь теннисний спортод амжилт гаргах, хөгжихөд ихээхэн нөлөөлсөн байдаг юм. Тэр цагаас хойш Баянхонгор аймгийн баг тамирчид улсдаа дээгүүр тоглох болсон. Цаашдаа ч энэ эрч хүчээрээ байна гэдэгт итгэлтэй явдаг. 2011 оны Үндэсний Лигийн тэмцээнд Баруун бүсийн худалдааны төвийн захирал С.Баярмагнай 2,5 сая төгрөгөөр биднийг ивээн тэтгэж байсан бол саяхан дэлхийн аваргад явахад ЗДТГ-аас 2,4 сая төгрөг, бүсийн болон бүх ард түмний XIII их наадамд оролцоход аймгийн БТСГ-аас зардал мөнгө бүх зүйлээр хангасан. 

Ойрын хугацаанд теннисний спортын ямар тэмцээнүүд болох гэж байна. Тамирчдын бэлтгэл хэр байгаа вэ? 
Энэ сарын 26-29-ний хооронд Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд ерөнхийдөө баг тамирчид бэлтгэл сургуулилтдаа гарчихсан. Бага насны эмэгтэй дөрөв, эрэгтэй найм, ахлах насны эрэгтэй гурав, эмэгтэй дөрөв гээд 18 тамирчны бүрэлдэхүүнтэй энэ тэмцээнд багаараа оролцохоор бэлтгэл хийж байна. Миний хувьд 2011 оноос хойш 2012 оны эхний улиралд тэмцээн уралдаанд ороод бэлтгэл бага зэрэг тасарсан байгаа. Тийм учраас бэлтгэлээ нэлээд эрчимтэй хийж эхлээд байна. Тэмцээндээ амжилт гаргана гэдэгтээ итгэл дүүрэн байгаа.



Эх сурвалж: zindaa.mn

No comments:

Post a Comment