Sunday, July 31, 2011

Баянхонгорт төрийн шагналын хур буулаа

Баянхонгор аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хурал өчигдөр /07.30/ болж, хонгор нутгаас төрөн гарсан алдартнууд, хүндэт зочид болон нутгийн зон олон оролцлоо. Ламын гэгээн Лувсанданзанжанцангаас эхлээд хэл шинжлэлийн ухааны нэрт эрдэмтэн Лувсанвандан, Ардын уран зохиолч Т.Галсан, доктор, соёлын гавьяат зүтгэлтэн С.Дулам нарын алдартнууд энэ нутгаас төрөн гарчээ. Хонгор нутаг Улсын баатар нэг, хөдөлмөрийн баатар 21, гавьяат цолтон 108, генерал хоёр зэрэг олон алдартантай. Олон түүхэн тэгш ой давхцаж буй энэ цаг үед тус аймаг дөрвөн шинэ гавьяат цолтноо өлгийдөж авсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар дөрвөн хүний хөдөлмөр, бүтээлийг үнэлж гавьяат цол олгосныг төрийн түшээд болон аймгийн удирдлагууд энэ хурлын үеэр гардууллаа. Гавьяат багш цолоор Баянхонгор МСҮТ-ийн захирал Ш.Чимгээ, гавьяат тээвэрчин цолоор аймгийн иргэн Д.Сономдорж, гавьяат холбоочин цолоор Баянхонгор аймгийн Цахилгаан холбооны инженер Д.Болд, гавьяат малчин цолоор өндөр настан Дэндэв нар шагнуулж, нутгийнхаа гавьяат цолтны тоог 108-д хүргэсэн юм. 
Мөн Алтангадас одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль болон Баянхонгор аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн медалиар олон хүн энгэрээ мялааж, хонгор нутгийнханд төрийн шагналын хур буулаа.
Эл түүхэн ойдоо зориулж тус аймгийнхан 14 тэрбум төгрөгөөр 108 бүтээлч ажил хийжээ. Үүний нэг болох усан оргилуурт цэцэрлэгт хүрээлэн, Улсын баатар Н.Жамбаагийн хөшөөг аймгийн төр захиргааны ордны өмнөх талбайд сүндэрлүүлсэн юм.

А.Зул
Эх сурвалж: http://local.news.mn/content/75793.shtml

No comments:

Post a Comment