Sunday, December 28, 2014

Д.Доржготов: Энэ цаг үед дотор гэгээтэй явах илүү чухал

Ламын гэгээний 375 жилийн ойн даншиг наадамд зориулж “Хонгор нутгийн дуулал 2” цомогоо гаргаад удаагүй байгаа. Бидний сайн мэдэх Хонгорын бөх, Номгон хайрхан, Их богд хайрхан, Ламын гэгээний магтаал, Баянхонгорын магтаал оршвой хэмээх магтуу гэх мэт олон сайхан уран бүтээл туурвисан Нутаг амьтай найрагч Долгорсүрэнгийн Доржготов ахтай хөөрөлдлөө...

С.Г: Та өөрийнхөө тухай товч танилцуулна уу? 
Д.Д: Би Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад боловсрол эзэмшсэн. Гадаад Хэргийн Яамны үндсэн боловсон хүчин. Өдгөө яруу найрагт хүч сорьж байна. 

С.Г: Уран бүтээлийн олз омог их үү? Сүүлийн үеийн уран бүтээлээсээ танилцуулна уу? 
Д.Д: Өнгөрсөн зун Баянхонгор аймгийнхаа даншиг наадмаар “Хонгор нутгийн Дуулал 2” бие даасан хоёр дахь дуун цомогоо гаргалаа. Цомогт маань 2 магтуу, 13 дуу багтсан. Энэ цомог маань миний нутаг ус, зон олондоо зориулж туурвисан 30 гаруй уран бүтээлийн охь дээжээс бүтсэн. Тухайлбал Баянхонгорын магтаал оршвой хэмээх магтуу, Ламын гэгээний 8 дүрд зориулсан магтуу, Их богд хайрхан мину, Хонгорын бөх, Номгон хайрхан, Гачэн Чогбрүл Ринбочэ Ринчэнсамбуу гэгээнтний магтуу, Номч мэргэн хамба Гүн ухаантан Данданчоймзад ламтаны залбирал магтаал гэх мэт 15 уран бүтээл орсон.