Wednesday, September 26, 2012

“Халуунболор” төвийн тэргүүн А.Одончимэг: “Шаргалжуут” –ыг анх Төрийн өмчийн хороо 650сая төгрөгөөр хувьчлахаар дуудсан ч 190сая төгрөгөөр зарсан байдаг

Баянхонгор аймгийн “Шаргалжуут” рашаан сувиллын дэргэдэх “Халуунболор” төвийн тэргүүн А.Одончимэгтэй тус газарт өрнөж байгаа асуудлаар  ярилцлаа. “Халуунболор” төв нь тархины саажилттай хүүхдүүдийг сувилдаг сувилал юм.

“Халуунболор” төвийг нээгээд хэдэн жил болж байгаа вэ?
Би Баянхонгорын уугуул иргэн биш. Улаанбаатарт төрсөн, Дарханд өссөн геологич мэргэжилтэй хүн. 1984 онд миний анхны хүүхдийг эх баригч хиллэх гэж явж байгаад санамсаргүй шалан дээр унагаж алдсанаар  тахир дутуу болсон. Хүүхдээ эмчлүүлэх гэж хаа сайгүй явсан. Тахир дутуу хүүхэдтэй хүний зовлонг сайн мэдэх хүний хувьд хожим нь “Шаргалжуут”-ын бэр болж очоод, маш олон хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу хүүхэд ирдгийг анзаарч туслахаар шийдсэн юм. Одоо Монгол Улсын хэмжээнд жилдээ 55-60 мянган эх төрж байна.
1000 төрөлт тутмын 1-2 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг юм. Яг одоогийн байдлаар улсын хэмжээнд 6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Түүний едөө 1200 нь манай “Халуунболор” төвийг зорьж ирж эмчлүүлдэг юм. Анх УИХ-ын гишүүн С.Оюун, гишүүн асан Одончимэд нартай хамтарч, хоёр гэр, нэг жижиг байшинд төвөө нээж байлаа. Тэд хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ачтай юм билээ. Тэгээд надад тусалж, энэ төвийг нээсэн юм. Сүүлдээ үйл ажиллагаагаа өргөсгөөд 5-6 гэртэй болсон байгаа. Нэг ээлжинд 25, жилдээ 800-1200 орчим хүүхэд хүлээж авах чадалтай болсон. 1996-2008 он хүртэл манай төв үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн.

Тэгээд 2008 оноос эхэлж доголдсон юм уу?

2008 онд Шаргалжуут тосгоны ард иргэд намайг тосгоны Засаг даргаар сонгосон юм . Энэ үеэр “Шаргалжуут” рашаан сувилал хувьчлагдсаны улмаас тэнд үйл ажиллагаа явуулж байсан олон хувийн хэвшлийнхэн доголдож эхэлсэн. Яагаад гэвэл зөвхөн “Шаргалжуут” амралтын газар ирж байгаа амрагчдыг л рашаан усанд оруулахаас биш бусад дагалдах үйл ажиллагаа явуулж байгаа жижиг аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулах хувьчилж авсан эрхийг хааж, боогдуулж эхэлсэн. Манай төвийн үйл ажиллагаа ч бага зэрэг доголдож байгаа.

Monday, September 17, 2012

Д.БҮРНЭЭ: Шаргалжуут эрүүл мэндийн төлөө газар болохоос мөнгөний төлөө байгууллага биш

Д.Бүрнээ эмч гэхээр Шаргалжуутын халуун рашааныг зорьсон хэн бүхэн андахгүй. Тэрбээр сүүлийн 20 гаруй жилийнхээ ажил амьдралыг энэ рашаантай холбож, олон мянган хүнийг анагаасан алтан гартай эмч. 2000 онд Шаргалжуутын халуун рашааны ордыг түшиглэн уламжлалт анагаах ухааны  “Ганууд” хувийн эмнэлгийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл удирдаж байна. Д.Бүрнээ эмч их ажлынхаа хажуугаар  “Шаргалжуут” эрдэм шинжилгээний  бүтээлийг туурвисан судлаач хүн.  Түүнтэй Шаргалжуутад үүсээд  байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.  
Шаргалжуутын  эмч нар холоос ирсэн хүмүүсийг рашаан таарахгүй нэрийдлээр буцааж байхаар мэдэхгүй, чадахгүй байгаагаа хэлэх зоригтой, ёс зүйтэй байх хэрэгтэй

Шаргалжуутын рашааныг  дэлхийд хосгүй гэж  ярьдаг. Ямар учраас ийн үнэлэгдэх болов?
Би дэлхийн улсуудын адил төстэй рашаануудыг очиж үзсэн, энэ чиглэлээр мэргэшсэн эмч хүн. Шаргалжуут шиг  мөгөөрсөн хоолойн багтраа, уушиг, харшил, иод дутал, үе гишүүн, зүрх судас, элэг цөс,  нарийн бүдүүн гэдэс, оюун ухааны гээд бүх төрлийн өвчинд зориулагдсан ийм олон төрлийн рашаан өөр хаана  ч байхгүй. Ямар ч өвчнийг анагаах увидастай. Эмийн бус эмчилгээ, Монголын уламжлалт эмчилгээний аргуудтай маш сайн тохирдгоороо Шаргалжуут хосгүй рашаан.

Шаргалжуут хувьчлагдсанаас хойш рашаан усыг тойрсон олон сөрөг асуудал гарч, ширгэх дээрээ тулаад байгаа талаар энд таарсан хүн бүр л ярьж байна. Энэ талаар эндэхийг арван хуруу шигээ мэдэхийн хувьд тань хувиар танаас тодруулъя гэж зорьж ирлээ?

Хүмүүсийн хэлж ярьж байгаа оргүй зүйл биш. Шаргалжуут рашаан сувиллыг хувьчлагдсанаас хойш бид байдлын ажиглаж 5, 6 жил боллоо. Энэ компани тодорхой зорилгоор л хувьчилж авсан байж таарна. Хүний эрүүл мэндийн төлөө, илүү хөгжүүлэх зорилгоор авсан байх гэж итгээд бид маш хүлээцтэй хандсан. Шаргалжуут илүү хөгжиж, үүнийг дагаж иргэдийн амьдрал ахуй дээшлэх болов уу  гэж итгэсэн.  Гэтэл байдал яг эсрэгээрээ болж, ноднин уржнангаас эхлээд дуугарахгүй бол болохоо байсан. Яагаад вэ гэвэл,  энд ажиллаж амьдарч байгаа иргэдийг тогтвор суурьшилтай ажиллуулдаггүй. Өөрсдийнх нь эсрэг үг хэлдэг, үзэл бодол нийлдэггүй хүмүүстэй хамтарч ажилладаггүй. Он удаан жил ажилласан, танил тал ихтэй учраас энэ рашаанд хүн оруулж байна гэх гэх мэт элдвийн шалтгаанаар халах нь газар авсан. Ялангуяа  энэ жил манай иргэдийн ихэнх нь ажилгүй болсон.